sonin.mn

МАСКАТ, 2026 оны хоёрдугаар сарын 7 /Reuters/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ, Ираны төлөөлөгчдийн хэлэлцээ Оманы нийслэл Маскат хотод баасан гарагт боллоо.

Хэлэлцээ шууд бус хэлбэрээр явагдсан бөгөөд уулзалтын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ, хоёр улсын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэлээ. Тэрбээр хэлэлцээнд Ираны төлөөлөгчдийг ахлан оролцжээ. 




А.Арагчигийн хэлснээр, хэлэлцээ эерэг уур амьсгалд өрнөсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран буулт хийхгүй тохиолдолд цохилт өгөх төвлөгөөнөөсөө буцахгүй хэвээр байгаа бөгөөд Оманд болсон хэлэлцээ нь бүс нутагт томоохон дайн дэгдэхээс сэргийлэхэд тус дөхөм болох ч эсрэгээрээ өдөөх ч эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.




АНУ-ын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгч Трампын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер оролцлоо.




Ираны тал зөвхөн цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ урьдчилан анхааруулж мэдэгдсэн юм. Лхагва гарагт Ираны “Тасним” мэдээллийн агентлаг мэдээлэхдээ, хэлэлцээ шууд бус хэлбэрээр явагдаж, цөмийн асуудал болон Иранд тавьсан хориг арга хэмжээг цуцлах сэдвээр хязгаарлагдана гэжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын тал Техранаас хэд хэдэн чиглэлээр буулт хийхийг шаардахаар төлөвлөж байгаа бөгөөд Ираны талыг буулт хийлгүүлэхийн тулд тус улсын эрэг орчимд цэргийн хүчээ төвлөрүүлээд байгаа юм. 



Д.Жаргал



Эх сурвалж: "Монцамэ" агентлаг