sonin.mn

2026 оны завсрын сонгуулийн дараа Конгресст олонхийн суудал авбал Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг импичментэд оруулах үйл явцыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Майк Жонсон мэдэгдлээ. Тэрбээр Turning Point USA байгууллагын арга хэмжээний үеэр ийнхүү байр сууриа илэрхийлсэн бөгөөд уг илтгэл YouTube-ээр шууд дамжуулагдсан байна.


Жонсон: “2026 оны завсрын сонгууль бүхнийг шийднэ. Бидэнд хийх ажил их бий. Хэрэв Төлөөлөгчдийн танхим дахь олонхоо алдах юм бол радикал зүүн жигүүрийнхэн Ерөнхийлөгч Трампыг импичментэд оруулах оролдлого хийнэ. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал, эмх замбараагүй байдал үүсгэнэ. Үүнийг бид зөвшөөрч болохгүй” гэж хэлжээ.


Тэрбээр мөн Ардчилсан нам улс орны суурь үнэт зүйлсийг задлан нураах зорилготой байгаа хэмээн шүүмжилж, үүнд 2024 оны есдүгээр сард нас барсан Америкийн консерватив идэвхтэн Чарли Киркийн дэвшүүлж ирсэн үзэл санаа багтаж байна гэж онцлов.


Жонсон Киркийн дурсгалыг хүндэтгэн Капитолд хөшөө босгох тухай хуулийн төслийг дэмжинэ гэдгээ мэдэгдэж, америкчуудыг түүний зарчмуудыг түгээн дэлгэрүүлэхийг уриалсан нь “улс орныг аврахад чухал” хэмээн тэмдэглэв.


Үүнээс өмнө, 2025 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эл Грин (Ардчилсан нам, Техас) Ерөнхийлөгч Трампыг импичментэд оруулах тухай тогтоолын төслийг Конгресст өргөн барьсан юм.


Дональд Трамп өмнө нь хоёр удаа импичментэд орох үйл явцтай нүүр тулж байсан. 2019 онд Төлөөлөгчдийн танхимыг хянаж байсан Ардчилсан намынхан түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлсэн ч 2020 онд Сенатад шилжихэд Бүгд Найрамдах нам олонх байсан тул Трамп цагаатгагдсан. 2021 онд Ардчилсан нам дахин импичмент хийх оролдлого хийсэн ч мөн амжилтгүй болсон билээ.




Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com