sonin.mn

Хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ биед халдаж байгаа талаарх бичлэгтэй холбоотойгоор дотоодын цэргийн байгууллагаас мэдээлэл хийлээ.


Энэ үеэр 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар: “Хугацаат цэргийн алба хаагчид бидний хүүхдүүдтэй адил тул уг мэдээллийг сэтгэл эмзэглүүлэн хүлээж авсан. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Хүний эрхийн үндэсний комисс болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дотоод хяналтаар манай алба хаагчдын алба, ажиллагааны чиглэлээр үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар хяналт шалгалт хийж байна. Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцаанаас үүссэн асуудлаар СХД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.


Тухайн алба хаагчдыг шууд эмнэлэгт үзүүлсэн. Эрүүл мэндэд эрсдэл учирсан эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт нарийн үзлэгт хамруулж байна. Мөн бусад хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн цочирдсон байдалтай байгаа тул тэдэнтэй утсаар холбогдож, мэдээлэл өгч байна” гэв.


Мөн Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис: “Бид алба хааж буй энэ олон аавын хөвгүүдийг нэг жилийн хугацаанд цэргийн албанд татахдаа эр хүн болж, эх орныхоо хүү болоосой гэж хүсдэг.


Дүрмийн бус харьцааг Батлан хамгаалах, Дотоод цэрэг, Хилийн цэрэг гээд ямар ч байгууллагад хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар авсан мэдээллээр бол нэг оны цэргүүд хоорондын харьцаанаас үүдэлтэй хэрэг байна.


Цэргийн байгууллага хүн зовоодог гэсэн ойлголт яваад байдаг. Тийм биш. Бид иргэд, сэтгүүлчидтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна. Цэргийн байгууллага бол Монгол Улсын ирээдүй болсон залуучуудыг хүмүүжүүлж, цаашид эцэг хүн болж, өрх гэрээ авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлдэг орчин. Иймээс дүрмийн бус харьцаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер зэрэг олон дүрэм, журам мөрдөгддөг. Гэвч олон залуусын дунд ямар харьцаа үүсэж байгааг бүрэн хянах боломжгүй, хяналтаас гадуурх “хар бүс” үүсэх тохиолдол бий. Иймд аль нэг талыг баримтлах бус, асуудлыг бодитоор харж, хэрхэн шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно. Ийм байх ёсгүй” гэлээ.



Н.Отгон