sonin.mn

Энэ оны эхний 11 сард Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн–Хонконг–Макаогийн Их булан, Бээжин–Тяньжинь–Хэбэй зэрэг гол бүс нутгийн гадаад худалдааны хэмжээ тогтвортой тэлж, зах зээлийн бүтэц сайжран, худалдааны идэвх тасралтгүй нэмэгдсэн байна.


Эхний 11 сард Гуандүн–Хонконг–Макаогийн Их булангийн эх газрын 9 хотын импорт, экспорт 8.3 их наяд юаньд хүрч, 4.6 хувиар өссөнөөр түүхэн мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт тогтоолоо. Импорт, экспортын барааны ойролцоогоор 70 хувь нь цахилгаан-механикийн бүтээгдэхүүн байсан бөгөөд экспортод электрон эд анги, компьютер болон түүний сэлбэг зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн давамгайлжээ. Харин импортод далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний барааны өсөлт 20 хувиас давж, дотоод эрэлтийн татах хүчийг тод харуулсан байна.


Мөн Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн импорт, экспортын нийт хэмжээ эхний 11 сард түүхэнд анх удаа 15 их наяд юанийг давж, 15.46 их наяд юаньд хүрэн 6.2 хувиар өсөв. Энэ хугацаанд “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч орнуудтай хийсэн худалдаа 11 хувиар нэмэгджээ.


Үүний зэрэгцээ Бээжин–Тяньжинь–Хэбэй бүсийн импорт, экспорт 4.3 их наяд юаньд хүрэв. Экспорт 1.32 их наяд юань болж, түүхэн мөн үеийн дээд түвшинд хүрсэн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспорт анх удаа 600 тэрбум юанийг давж, 16.1 хувиар өссөн нь бүс нутгийн нийт экспортын 47.4 хувийг эзэлж, гадаад худалдааны өсөлтийн гол хөдөлгөгч хүч боллоо.