sonin.mn

УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.


Тэрээр энэ үеэрээ: "Дархлал олдмол хомсдолын хам шинж (ДОХ)-ийг үүсгэгч вирусийн халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гадуур байгаа тухай мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг байгуулсан.


Эдгээр иргэдийг илрүүлж, эмнэлгийн хяналтад хамруулах нь нэн чухал юм. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглээгүй тохиолдолд халдварыг бусдад дамжуулах эрсдэлтэй. Энэ асуудалд өвчтөний хувийн мэдээллийн нууцлалыг чандлан сахиж байгааг онцлон тэмдэглэе.


Хэрэв хяналтаас гарсан, эсвэл өөрийгөө хяналтад хамрагдаагүй байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн байвал ХӨСҮТ-д заавал хандаж, эмнэлгийн хяналтад орон, вирусийн эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Эмчилгээг тогтмол хийснээр халдварыг бусдад дамжуулах эрсдэлгүй болдог. Иймд өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь онцгой ач холбогдолтой.

Хяналтаас гарсан тохиолдлуудын дийлэнх нь сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн байна. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам дангаараа шийдвэрлэх боломжгүй тул хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, илрүүлэлт болон хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.




ДОХ болон сүрьеэтэй тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа байгууллагууд болон олон улсын хандивлагчид, ялангуяа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тус сангаас жил бүр ДОХ, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин болон олон нийтэд аюултай халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилт, дэмжлэг үзүүлдэг.Иймээс энэхүү санхүүжилтийг зөв, үр ашигтай зарцуулах нь нэн чухал бөгөөд зарцуулсан хөрөнгө бүр бодит үр дүн өгч, эмнэлгийн хяналтад хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн байх ёстой." гэлээ.


Н.Отгончимэг