sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам мэдээлэл хийв. Энэ үеэр "АНУ Венесуэлд цэргийн цохилт өгсөн. Трамп “Truth Social” сүлжээндээ нийтлэл оруулж, АНУ Венесуэл болон тус улсын удирдагч Мадурогийн эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа амжилттай явуулсан, Мадуро болон түүний гэргийг баривчилж, Венесуэлийн хилээр гаргасан гэж мэдэгдсэн. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн асуултад


Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа:


"АНУ бүрэн эрхт улсын эсрэг зэвсэг хэрэглэж, улсын Ерөнхийлөгчид халдсан үйлдэл хийсэнд Хятадын тал гүн цочирдож, эрс хатуугаар буруушааж байна.


АНУ-ын иймэрхүү ноёрхох шинжтэй үйлдэл нь олон улсын хуулийг ноцтойгоор зөрчиж, Венесуэлийн бүрэн эрхт байдалд халдсан төдийгүй Латин Америк, Карибын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Хятадын тал үүнийг тууштай эсэргүүцнэ. АНУ олон улсын хууль болон НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг чанд сахиж, бусад улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд халдах үйлдлээ нэн даруй зогсоохыг бид шаардаж байна." гэжээ.


Г.Бямба