sonin.mn

1-р сарын 5-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён нар Бээжингийн Ардын Их Хурлын ордонд хэлэлцээ хийлээ.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Та бид хоёр удаа уулзаж, харилцан айлчилсан нь БНХАУ, БНСУ-ын харилцаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Найз, хөршийн хувьд БНХАУ, БНСУ ойр ойрхон харилцаж, байнга ирж очин, идэвхтэй ойлголцох ёстой. БНХАУ-ын тал БНХАУ–БНСУ-ын харилцааг хөрш орнуудтайгаа явуулж буй гадаад бодлогын чухал байр сууринд тавьж, БНСУ-д хандах бодлогоо тууштай, тогтвортой баримталж ирсэн юм. БНХАУ, БНСУ-ын талтай хамтран найрсаг хамтын ажиллагааны чиглэлийг бат баримталж, харилцан ашиг хүртэх зарчмыг удирдлага болгон, БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг эрүүл, тогтвортой замаар урагшлуулах, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг бодитоор нэмэгдүүлэх, бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн.


БНХАУ, БНСУ хоёр улс удаан хугацаанд “энх тайвныг эрхэмлэх”, “ялгаа зөрүүгээ хойш нь тавьж, адилаа нэгтгэх” үзлийг баримталж, нийгмийн тогтолцоо, үзэл суртлын ялгааг даван туулж, харилцан бие биеэ дэмжин, хамтдаа хөгжиж ирсэн сайн уламжлалтай. Хоёр тал энэхүү уламжлалыг үргэлжлүүлж, харилцан итгэлийг бэхжүүлэн, өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, бие биеийнхээ гол ашиг сонирхол, чухал анхаарал хандуулж буй асуудлыг харгалзан үзэж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зүй зохистой шийдвэрлэх ёстой.


ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлаар “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний санал батлагдсан нь БНХАУ-ын ирэх таван жилийн хөгжлийн зураглалыг тодорхойлж, дэлхийн улс орнуудад өргөн боломж нээж байна.


БНХАУ, БНСУ-ын эдийн засгийн харилцаа нягт, аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээ гүнзгий уялдсан тул хөгжлийн стратеги, бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, хамтын ашиг сонирхлын “бялууг” томруулан, хиймэл оюун ухаан, ногоон аж үйлдвэр, ахмад настны эдийн засаг зэрэг шинэ салбарт илүү олон хамтын ажиллагааны үр дүн гаргах шаардлагатай. Мөн иргэдийн солилцоог нэмэгдүүлж, залуучууд, хэвлэл мэдээлэл, спорт, судалгааны байгууллага, орон нутгийн түвшний харилцааг өргөжүүлэн, эерэг ойлголтыг олон нийтийн гол урсгал болгох ёстой.Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жилд тохиож байгаагүй их өөрчлөлт хурдацтай өрнөж, олон улсын байдал улам бүр ээдрээтэй болж байгааг тэмдэглээд, БНХАУ, БНСУ бүс нутгийн энх тайвныг хамгаалж, дэлхийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг хүлээдэг, өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой. Иймээс түүхийн зөв талд бат зогсож, зөв стратегийн сонголт хийх ёстой гэв. 80 гаруй жилийн өмнө хоёр улс Японы милитаризмын эсрэг тэмцэлд ихээхэн золиос гарган ялалт байгуулсныг дурдаад, өнөөдөр ч гэсэн Дэлхийн II дайны ялалтын үр дүнг хамтдаа хамгаалж, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах ёстойг онцлов.


Эдийн засгийн даяаршлын ашиг хүртэгчийн хувьд БНХАУ, БНСУ хамтдаа протекционизмыг эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт тогтолцоо, хүртээмжтэй, уян хатан эдийн засгийн даяаршлыг ахиулахад хувь нэмэр оруулах ёстой гэлээ.


Ли Жэ Мён БНСУ, БНХАУ хоёр улс ойр хөрш бөгөөд харилцаа нь гүн гүнзгий, урт удаан түүхтэйг онцлов. Хоёр улс Японы милитаризмын түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэж байсан бөгөөд БНХАУ БНСУ-ын БНХАУ-ад байрлах тусгаар тогтнолын хөдөлгөөний дурсгалт газруудыг хамгаалж ирсэнд БНСУ-ын тал талархал илэрхийлж буйг дурдав. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш ойр дотно хамтын ажиллагааны харилцаа тогтоож, бодит үр дүнд хүрснийг тэмдэглэв. БНСУ-ын тал БНХАУ-тай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд шинэ оны анхны төрийн тэргүүнүүдийн дипломат уулзалтыг боломж болгон, хоёр орны харилцаа бүх талаар сэргэн хөгжих хандлагыг бататгаж, ижил талыг эрэлхийлж, ялгааг хойш тавин, БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлж, харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээхэд бэлэн гэв. Тэрээр БНХАУ-ын гол ашиг сонирхол, чухал анхаарлыг хүндэтгэж, “Нэг Хятад”-ын бодлогыг баримталдгаа дахин нотлов. БНСУ–БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд БНХАУ-ын “15-р таван жилийн төлөвлөгөө”-нөөс үүдэх боломжийг ашиглан бодит хамтын ажиллагаанд илүү их амжилт гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны иргэдийн солилцоог дэмжиж, харилцан ойлголцол, итгэлийг бэхжүүлэхийн чухлыг онцлон, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг дэмжихэд хамтран ажиллахад бэлэн гэв. Түүнчлэн БНХАУ энэ онд зохион байгуулах АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт амжилттай болно гэдэгт итгэл дэвшүүллээ.


Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүнүүд шинжлэх ухаан, технологийн инновац, экологи, тээвэр, эдийн засаг, худалдаа зэрэг салбарыг хамарсан 15 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.


Хэлэлцээний өмнө Ши Жиньпин Ардын Их Хурлын ордны Хойд танхимд ерөнхийлөгч Ли Жэ Мёнд зориулж угтах ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн орой Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Ардын Их Хурлын ордны Алтан танхимд ерөнхийлөгч Ли Жэ Мён болон түүний гэргийд зориулан хүндэтгэлийн зоог барив.



Г.Бямба