sonin.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.


  • Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил,
  • Авто замын тэмдэглэл,
  • Нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил,
  • Сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил,
  • Борооны ус зайлуулах шугам,
  • Худгийн засвар, өргөтгөлийн ажлыг тус тус гүйцэтгэнэ.


Энэ онд зургаан эгнээ 32 км урттай Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлнэ. 2025 онд тус авто замыг барих гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 80 хувьтай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Туулын хурдны зам нь нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой авто зам юм.