ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 6 /Reuters/. Мягмар гаргийн арилжаагаар Азийн биржүүдийн индекс үргэлжлэн өсөж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Даваа гарагт АНУ-ын газрын тос, санхүүгийн салбарын компаниудын хувьцааны ханш өссөнөөр Dow Jones индекс түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Геополитикийн холбогдолтой мэдээллийн нөлөөгөөр газрын тосны үнэ эхэндээ өссөн ч дараа нь тогтворжлоо. Үүний шалтгаан нь амралтын өдрүүдэд явагдсан цэргийн ажиллагааны үеэр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдсан явдал байв. Хөрөнгө оруулагчид дэлхийд хамгийн их нефтийн нөөцтэй Венесуэлээс газрын тосны нийлүүлэлтэд эл үйл явдал хэрхэн нөлөөлөхийг ажиглаж байгаа хэдий ч зах зээлүүд ерөнхийдөө тайван байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, саяхан өрнөсөн үйл явдлууд дэлхийн зах зээлд үл мэдэг нөлөө үзүүлжээ. Хөрөнгийн зах зээлийг өсгөдөг гол хүчин зүйл нь ерөнхий эерэг импульс хэвээр байгаа бол валютын зах зээлд макро эдийн засгийн үзүүлэлтүүд голлон нөлөөлж байна.
АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл нийтлэгдэхийн өмнө ам.долларын ханш суларчээ. Дөрвөн долоо хоногийн хугацаан дахь дээд үзүүлэлтэд хүрснийхээ дараа үйлдвэрлэлийн салбарын бизнесийн идэвхийн үзүүлэлтүүд муудсантай холбоотойгоор ам.долларын ханш буурсан байна.
Үүний зэрэгцээ үнэт металлуудын үнэ түүхэн дээд түвшинд ойртлоо. Алт, мөнгө, платинумын үнэ өссөөр байгаа бол зэсийн үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Азийн хөрөнгө биржүүдийг гол индексүүд мөн өсжээ. Японы Topix индекс, мөн Өмнөд Солонгос, Тайванийн хөрөнгийн биржийн гол индексүүд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол Хонконг болон Хятадын эх газрын хөрөнгийн биржийн гол индексүүд ч мөн мэдэгдэхүйц өсжээ.
Европ болон АНУ-ын хөрөнгийн биржийн индексийн фьючерсүүд ч бага зэрэг өсөж байгаа нь хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах сонирхолтой хэвээр байгааг харуулж байна.
Геополитикийн эрсдэл хэвээр байгаа хэдий ч дэлхийн санхүүгийн зах зээлүүдэд ойрын хугацаанд томоохон донсолгоо болох төлөв ажиглагдахгүй байна гэж шинжээчид дүгнэжээ. Уламжлалт “найдвартай” актив гэж тооцогддог алтны үнэ 2026 онд мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл0