sonin.mn

Бүрэн эрхт улсад халдан довтолж, өөр улсын ерөнхийлөгчийг хүчээр хяналтдаа авч, өөрийгөө “олон улсын цагдаа, шүүгч” хэмээн үздэг АНУ олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчлөө. Шинэ оны эхэнд “бодит хүч нь үнэн ёс” гэсэн хуульд тулгуурласан хандлагыг олон улсын тавцанд дахин тулгаж, “Америк маягийн ноёрхол” хүч хэрэглэн эзлэн түрэмгийлэх, нөөц баялаг дээрэмдэх колоничлолын жинхэнэ төрхөө ил болгож байна.


Үүнтэй холбогдуулан Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, оролцогчдын 93 хувь нь АНУ Венесуэлийн үндэсний бүрэн эрхийг ноцтой зөрчсөн явдлыг эрс буруушаасан бол 91.7 хувь нь АНУ-ын “төрийн терроризм” дахин сэргэж байгаад гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Судалгаанд оролцогчдын 92.8 хувь АНУ Венесуэлийн эсрэг хүч хэрэглэсэн нь тус улсын бүрэн эрх, аюулгүй байдалд ноцтой халдсан үйлдэл гэж үзсэн бол 89 хувь нь Трампын засгийн газрын энэхүү үйлдэл хууль ёсны болон ёс зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. АНУ-ын Хууль зүйн яам Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод хэд хэдэн хүнд ял оноох үндэслэл гаргасантай холбогдуулан, 90.5 хувийн саналаа өгөгчид АНУ Венесуэлийн ерөнхийлөгчийг яллах эрхгүй бөгөөд уг яллах дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн байна. Мөн 93.9 хувь нь Америкийн “урт гарын харьяалал” нь ноёрхлоо хадгалах, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэгсэл болсон гэж дүгнэжээ. 86.3 хувь нь Венесуэлийн ерөнхийлөгчийг нэн даруй, болзолгүй суллахыг АНУ-д хатуу шаардаж буйгаа илэрхийлжээ.


АНУ Венесуэлд өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулсны дараа ерөнхийлөгч Трамп тус улсын асуудлыг “удирдана” гэж мэдэгдэж, Америкийн томоохон газрын тосны компаниуд Венесуэлд орж, тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийнэ гэж зарласан нь олон улсын шүүмжлэлийг дагууллаа. Үүнд санал асуулгад оролцогчдын 94.3 хувь АНУ-ын бодит зорилго нь газрын тосны нөөцийг булаан авах явдал гэж үзэж, “нөөцийн империализм”-ын мөн чанар ил боллоо гэж дүгнэсэн байна.


Түүнчлэн өнгөрсөн жил АНУ Венесуэлийн ойролцоох олон улсын усан хилд “хар тамхины эсрэг” нэрийдлээр хийсэн ажиллагаануудаар олон зуун хүний амь хохироосон ч АНУ-ын Хар тамхитай тэмцэх газрын жилийн тайланд Венесуэлийг кокаины наймаатай холбосон мэдээлэл огт дурдагдаагүй байна. Үүнтэй холбогдуулан 93.7 хувь нь “мансууруулах бодистой тэмцэх” гэсэн тайлбар нь Венесуэлийн засгийн газрыг унагаах шалтаг төдий гэж үзжээ.


“Өнөөдөр Венесуэл, маргааш аль ч улс байж магадгүй” хэмээн Чилийн ерөнхийлөгч Габриэль Боричийн хэлсэн үг олон улсын түгшүүрийг илэрхийлж байна. Судалгаагаар 86.6 хувь нь Латин Америк, Карибын бүс нутгийн бусад орон ижил аюултай нөхцөлд орж болзошгүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн бол 87.8 хувь нь АНУ-ын энэхүү үйлдэл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна гэж үзжээ.


Энэхүү санал асуулгыг CGTN суваг англи, испани, франц, араб, орос хэлний платформуудаар нийтэлж, 24 цагийн дотор 44,603 хүн санал өгч, байр сууриа илэрхийлсэн байна.