sonin.mn

Э.Бат-Үүл 2012-2016 оны хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Тэрбээр албаа хашиж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн хууль бус үйлдэл хийсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.


Тухайлбал, хотын дарга байхдаа хүү Б.Чулуудайд 12 тэрбумыг тендер нэрээр өгч, өрийг нь Хөгжлийн банкаар төлүүлсэн байдаг. Э.Бат-Үүлийн улсад учруулсан хохирлыг Дээд шүүхээр тогтоосон ч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байна.


Хэргийг товчлон сануулбал, Э.Бат-Үүл 2013 оны тавдугаар сард өөрийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулжээ. “Гранд лайн” компанийн хувьд гадаад худалдаа, брокер, дилерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байтугай нэг ширхэг тоосго ч тавьж байгаагүй компани байж. Энэ компанид төслийг хэрэгжүүлэх туршлага байтугай техник хэрэгсэл, боловсон хүчин ч байгаагүй. Ингээд “Гранд лайн” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойших хугацаанд нэг ч орон сууцны барилга бариагүй юм. Тус ажлаас тэр 12 орчим тэрбум төгрөгийг хүүдээ олгосон байдаг.


2021 онд түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.


Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан юм. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, хохирлыг улсад төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч, шүүхийн шийдвэр гарснаас хойш таван жил өнгөрчихөөд байхад хохирлоо төлөөгүй байна. Тодруулбал, 2021 онд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, НЗДТГ-т олгох, иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас есөн тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг, шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулахаар шийдвэрлэж байсан юм.