“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа өсөж яваа залуу тамирчид хийгээд амжилтаараа манлайлж буй спортын түүчээлэгчдийг онцлон бичдэг уламжлалтай. Монголчууд 1968 онд чөлөөт бөхийн спортоор олимпын анхны медалиа хүртсэнээс хойш дэлхийд цуурайтах амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн 2020 оны Токиогийн олимпод багийн спортын төрлөөр анх удаа орж бас нэгэн шинэ түүхийн эхлэл бичигдсэн.
Энэ жишгээр багийн спортод Монголд хүчтэй хөгжиж байгаагийн нэгэн жишээ нь волейболын спорт юм. Хэдийнээ зүүн Азид өөрийн байр сууриа эзлээд амжсан Монголын волейболын шигшээ багийн тамирчин Г.Цэнд-Аюушийг энэ удаа онцолж байна.
Тэрээр үндэсний дээд лиг төдийгүй олон улсын тоглолтуудад үргэлж тогтвортой үзүүлэлттэй тоглодог чадварлаг цөөн тоглогчийн нэг юм. Тиймдээ ч Монголын Волейболын холбооны 2025 оны “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорч “MVA Rising Ball 2025” цомын эзэн болсон билээ.
Мэдрэмжтэй тоглолт, хүчтэй довтолгоо нь багийн нэгэн амин судас

Үндэсний дээд лигийн “Эрчим” клубээс мэргэжлийн гараараа эхэлж, “Төв Миг Wolves”-д гялалзаж яваа Г.Цэнд-Аюушийг волейбол сонирхогч монголчууд андахгүй. “Түүний талбайг эзэгнэх мэдрэмжтэй тоглолт, хүчтэй довтолгоо нь багийн нэгэн амин судас. Цохилох зүрх билээ.
“Төв Миг Wolves” өнгөрсөн жил “Төв Миг” нэртэйгээр шинээр байгуулагдаж, дээд лигийн анхны улиралдаа мөнгөн медаль хүртэж, Г.Цэнд-Аюуш “Шилдэг довтлогч” болсон билээ. Энэ жилээ амжилтаа ахиулахаар зориг шулуудсан нь илэрхий бөгөөд улирал эхэлсэн цагаас амжилтын хүснэгтийг тэргүүлж байна.
12 настайгаасаа волейболын спортоор хичээллэж, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон улсын тавцанд тоглоно гэдэг түүний тууштай хичээл зүтгэл, хөдөлмөрийн илэрхийлэл билээ. Хоёр жилийн өмнө манай сонинд өгсөн ярилцлагадаа “Миний мөрөөдөл гадаадын лигт легионер тамирчнаар тоглох” гэж байв. Хэдийнээ монгол тамирчдад энэ үүд хаалга нээлттэй болсон учир Б.Батсуурь, Т.Хангал нарын араас дуудагдах легионер тамирчин болоход авьяас чадвараар дутахгүй тоглогч юм. Зан төлөвийн хувьд ч төлөв даруухан гэж волейбол сонирхогчид магтдаг.
Мөн энэ тухай тэрээр “Тамирчид талбайд гараад дэмжигчдийн урмаар хөглөгддөг. Мөн бие биедээ урам өгөх нь сэтгэл зүйд нөлөөлнө. Талбайд гараад хүлээцтэй байх тун чухал. Бухимдаад байвал багийн бусад гишүүдэд хүндрэл учруулдаг талтай” гэжээ.
Өнгөрсөн онд Г.Цэнд-Аюуш спортын амжилтаараа тодрохоос гадна насан туршдаа дуудагдах “аав” гэх эрхэм алдрыг мөн хүртсэн юм. Түүний үзэсгэлэнт гэргийг Ц.Цэдэвнамбар гэдэг бөгөөд өнгөрсөн жилийн дээд лигийн аварга “Улаанбаатар Финикс” тоглогч юм. Түүнчлэн 2024-2025 оны шилдэг эмэгтэй холбогчийн шагналыг хүртэж байв. Харин энэ жилдээ ээжийн үүргийг гүйцэтгэж, Г.Цэнд-Аюушийн ар талыг хариуцлагатай дааж буй нэгэн. Ийнхүү Монгол Улсад спортын нэгэн гэр бүл шинээр нэмэгдэж, бие биеэ дэмжсэн залуу тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 01 сарын 10,
2026

Сэтгэгдэл1
saihan yum aa,cheehen hyn amtai Mongolchyyd bidnii dotoroos yralg sportiin aldartangyyd terseer baina,yrgeljlen ylam l sildegyyd tereh ni todorhoi ldoo..........terbeer er zorigooroo gadaadad LEGONER tamirchin bolooroi hemeen helye.abyas yhaan hedelgeen ebsel bagaasaa togloson chanar ene byhen taniig ibeeh ni zailsgyio ee!!!!yrt ireedyin tamirchiniih ni aldar ibeeh boltygai...................