sonin.mn

Олон улсын сансрын станцад ажиллаж буй Crew-11 хөлгийн багийн нэг гишүүнд эрүүл мэндийн асуудал тулгарсан тул багийн гишүүд 15-ны лхагва гарагт буюу товлосон хугацаанаас өмнө эх дэлхийдээ эргэн ирнэ гэж сансар судлалын НАСА агентлаг мэдээллээ. 


Хойд Америкийн зүүн эргийн цагаар 14-ний 17:00 цагт НАСА болон SpaceX компани Crew-11 хөлгийг ОУСС-аас салгахаар төлөвлөж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл, аврах багийнхны бэлэн байдлаас шалтгаалан 15-ны өглөө Калифорнийн эрэг орчимд далайд буулгана гэж ОУСС-ын Х нийгмийн сүлжээний хуудсанд бичсэн байна. 


Буулгах ажиллагааны явцаас хамааран дээрх цаг өөрчлөгдөж магадгүй. Crew-11 хөлгийн багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Зена Кардман, сансрын нисгэгч Майкл Финк, Японы сансрын нисгэгч Кимия Юи, Оросын сансрын нисгэгч Олег Платонов нар багтаж байгаа юм. Тэдний хэнд нь эрүүл мэндийн асуудал тулгарсан тухайд мэдээлэл алга байна.


Crew-11 хөлгийн багийнхан бүгдээрээ эх дэлхийдээ эргэн ирсний дараа ОУСС-д Америкийн иргэн Кристофер Уильямс, Союз МС-28 хөлгийн багийн гишүүд болох Оросын иргэн Сергей Кудь-Сверчков, Сергей Микаев нар үлдэх ажээ. 


Crew-11 хөлгийг 2025 оны 8 дугаар сард ОУСС руу хөөргөсөн юм. Тус станцад үүрэг даалгавар гүйцэтгэхэд голдуу хагас жилийг зарцуулдаг бөгөөд тус хөлөг 2 дугаар сарын хоёрдугаар хагаст эх Дэлхийдээ эргэн ирж, оронд нь Crew-12 хөлгөөр дөрвөн сансрын нисгэгчийг ОУСС-д хүргэх ёстой байв. Багийнхан товлосон хугацаанаас өмнө буцаж ирнэ гэх мэдээлэл пүрэв гарагт цацагдсан байна. 


7-ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр НАСА-гийн захирал Жаред Айзекман хэлэхдээ “станцын бүхээгт байсан багийн нэг гишүүнд эрүүл мэндийн асуудал үүссэн бөгөөд одоо биеийн байдал нь тогтвортой байна” гэлээ.


Түүний мэдэгдсэнээр, агентлагийн удирдлага ба ерөнхий эмч Жеймс Полк-той зөвлөлдсөний үндсэн дээр багийнхныг буцаах шийдвэр гаргасан ажээ. Ийм шийдвэрийг тус агентлаг ажиллаж эхэлснээс хойших 65 жилийн түүхэнд анх удаа гаргаж байгаа нь энэ юм. НАСА-гийн орлогч захирал Амит Кшатрия хэлэхдээ, ОУСС-д ганцаараа үлдэх Америкийн сансрын нисгэгч Кристофер Уильямс бүх ажлыг гүйцэтгэж чадна, түүний ажлыг олон мянган мэргэжилтнүүд хянана, мөн Америкийн систем дээр ажиллах дадлага туршлага бүхий Оросын сансрын нисгэгчид түүнд тусална гэлээ.  



Б.Адъяахүү