ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны нэгдүгээр сарын 12 /Kazinform/. “Алтан бөмбөрцөг” шагналыг гардуулах ёслолын үеэр алдартнууд Миннеаполис хотод машиндаа буудуулж амиа алдсан Рене Гудын дурсгалыг хүндэтгэж, Цагаачлал, гаалийн албыг (ICE) эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тэмдэг зүүсэн байлаа.

"Be Good", "ICE OUT" гэсэн бичиг бүхий хар цагаан өнгийн тэмдгүүд нь өнгөрсөн оны харьцангуй улс төрөөс ангид уур амьсгалтай байсан ёслолтой харьцуулахад энэ оны ёслолд улс төрийн өнгө аяс нэмж өгчээ. Жүжигчин Марк Руффало улаан хивсний ёслолын үеэр ийм тэмдэг зүүсэн байв. Миннеаполист хэрэг гарсны дараа АНУ даяар Рене Гуд амиа алдсан хэрэгт хариуцлага тооцохыг шаардсан жагсаалууд болжээ. Мөн Портленд хотод буудалцаан болсон ба хил хамгаалах албаны ажилтнууд хоёр хүнийг шархдуулсан байна. Зарим эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.
“Бидэнд иргэний нийгмийн бүх давхаргын дуу хоолой хэрэгтэй. Бидэнд нийгмийн уур амьсгалыг илэрхийлэгч уран бүтээлчид, урлагийнхан хэрэгтэй” гэж ICE-ийг эсэргүүцсэн ажиллагааг зохион байгуулагчдын нэг болох Working Families Power байгууллагын гишүүн Нелини Стамп мэдэгджээ.
Стамп болон латин америкчуудын хүний эрхийг хамгаалах “Maremoto” байгууллагын гүйцэтгэх захирал Жесс Моралес Рокетто нар “ICE OUT” тэмдгүүдийг тараах ажлыг санаачилсан байна. Соёл, урлагийн томоохон үйл явдлууд олон сая үзэгчийг нийгмийн асуудлуудад анхаарлаа хандуулахад хүргэнэ гэж тэд үзэж байгаа ажээ. Моралес Рокетто “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр болсон ийм төрлийн акцид гурав дахь жилдээ оролцож байгаа аж. Өнгөрсөн онд тэрбээр Трампын засгийн газрын цагаачлалын бодлогыг эсэргүүцэхийг уриалж байжээ.
Харин Стамп 1973 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин, идэвхтэн Сачин Литлфезер Холливудад уугуул америкчуудыг ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн Марлон Брандогийн нэрийн өмнөөс "Загалмайлсан эцэг" киноны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авахаас татгалзаж байсныг дурдсан байна.
Тэмдгүүдийг шагнал гардуулах ёслол эхлэхээс өмнө болдог үдэшлэгүүдийн үеэр, мөн улаан хивсний ёслолд оролцохоор ирсэн алдартнуудад тараасан нь энэхүү акцид алдартнууд төдийгүй идэвхтнүүдийг хамруулж чаджээ. "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд болж байгаа бөгөөд "CBS" телевиз, "Paramount+." стриминг платформоор шууд дамжуулж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл0