sonin.mn

Хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" багийн ерөнхий дасгалжуулагчаар Английн иргэн Майкл Каррикийг томилсон тухай тус клубийн цахим хуудсанд мэдээлжээ.


Түүнтэй байгуулсан гэрээ энэ улирлын эцсээр дуусгавар болох бөгөөд Каррикийн удирдах дасгалжуулагчдын багт Стив Холланд, Жонатан Вүүдгейт, Трэвис Биннион, Жонни Эванс, Крейг Моусон нар багтсан байна.


Энэ сарын 5-ны өдөр “МЮ”-гийн удирдлага Португалын дасгалжуулагч Рубен Аморимаг ерөнхий дасгалжуулагчийн ажлаас чөлөөлснийг мэдэгдсэн бөгөөд түүний оронд Даррен Флетчер түр хугацаанд багийг удирдсан юм. Энэхүү богинохон хугацаанд Манчестерын хөлбөмбөгчид Английн АШТ-нд “Бёрнли” багт 2:2-оор тэнцэж, Английн цомын тэмцээний тоглолтод “Брайтон” багт 1:2 харьцаагаар хожигдсон байна. Одоо Флетчер 18-аас доош насныхны багийг удирдана. Өдгөө 44 настай М.Каррик хөлбөмбөгчний замналдаа “МЮ”-гийн бүрэлдэхүүнд 464 тоглолтод оролцож, 24 гоол оруулжээ. Өнгөрсөн хугацаанд Аваргуудын лиг, Европын лигт түрүүлж, Английн аваргаар 5 удаа шалгарч, Английн лигийн цомыг 3 удаа хүртэж, Английн Супер цомын ба Английн цомын тэмцээнд 6 удаа аваргалсан байна.


Хөлбөмбөгчний замналаа дуусгасныхаа дараа тэрбээр “МЮ”-гийн дасгалжуулагчдын багт Жозе Моуриньюгийн туслахаар ажиллаж байв. 2022-2025 онд “Мидлсбро” багийг дасгалжуулж байжээ.


21 тойргийн дараах байдлаар "Манчестер Юнайтед" баг 32 оноотойгоор Английн АШТ-ий хүснэгтийн 7 дугаарт бичигдэж байна. Тус баг сүүлийн гурван тоглолтод оноо алджээ. Бямба гарагт болох дараагийн тойргийн тоглолтод “МЮ” талбайдаа “Манчестер Сити” багийг хүлээн авна.  



Б.Адъяахүү