sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын цэргүүд Карибын тэнгист газрын тос тээвэрлэгч дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ. Саатуулагдсан “Sagitta” хөлөг онгоц нь Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон хориотой бүсийг зөрчсөн гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлалаас /Southcom/ мэдээлсэн байна. Уг хөлөг онгоцыг саатуулах ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран явуулжээ. 




"Венесуэлээс гарч буй газрын тосыг зохих ёсоор, хууль ёсны дагуу нийлүүлэхийн тулд тууштай ажиллаж байна" гэж мэдэгдэлд онцолжээ. Southcom-ын мэдээллээр, уг ажиллагааны үеэр ямар нэг хэрэг явдал гараагүй байна.




Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг VesselFinder үйлчилгээний мэдээлснээр, Sagitta хөлөг онгоц нь Панамын далбаан дор явж байсан ба АНУ, Европын Холбоо болон Их Британийн хоригийн жагсаалтад багтсан байжээ. Харин MarineTraffic цахим хуудсанд мэдээлснээр, IMO дугаартай ижил нэртэй хөлөг онгоц Либери улсын далбаан дор явж байгаа аж.Америкийн цэргийнхэн Венесуэлээс газрын тос экспортолж буй хөлөг онгоцуудыг хянах ажиллагааны хүрээнд хөлөг онгоцыг саатуулсан долоо дахь тохиолдол нь энэ болж байна.




Уг ажиллагааны явцад анх удаа энэ оны нэгдүгээр сарын 7-нд Оросын компанид харьяалагддаг Marinera (Bella 1) хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд уг хөлөг онгоц хоёр долоо хоногийн турш Америкийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаас зугтаж байжээ. Оросын тал энэхүү хөлөг онгоцыг саатуулсан явдлыг хүч хэрэглэсэн үйлдэл гэж мэдэгдсэн юм. Москвагаас мэдээлснээр, Вашингтон хөлгийн багийн хоёр орос иргэнийг суллахыг амласан боловч амлалтаа биелүүлээгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Венесуэлийн газрын тосны экспортын 70 орчим хувийг “сүүдрийн флот”-д харьяалагддаг хөлөг онгоцууд тээвэрлэдэг ажээ.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг