sonin.mn

БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /DW/. Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ. Хэрэв Жаныг огцруулах шийдвэр гарвал энэ нь 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн ажиллагааг дарсан цагаас хойш Хятадын армид хийсэн хамгийн том халаа сэлгээнүүдийн нэг болно гэж “The Washington Post” сонинд ням гарагт гарсан нийтлэлд бичжээ. 


Цэргийн эрх мэдэл Шигийн гарт төвлөрөв


Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Жаныг огцруулснаар БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн эрх мэдэл урьд өмнө байгаагүй хэмжээгээр төвлөрнө хэмээн нийтлэлд онцолсон байна. 


"Financial Times" сонинд мөн арми дахь авлигатай тэмцэх мөрдөн шалгалтын дүнд Зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн удирдлагад хоёрхон хүн үлдсэн бөгөөд тэдний нэг нь Хятадын удирдагч Ши Жиньпин гэдгийг онцолж байна.


Тус сонины сэтгүүлчид үүнийг Цэргийн төв зөвлөлд урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал гэж тодорхойлжээ.


Жан Юшягийн эсрэг мөрдөн шалгалт 


Хятадын батлан хамгаалахын яам Жан Юшя, Лю Жэньли нарыг “сахилга бат, хууль дүрмийг ноцтой зөрчсөн” хэрэгт буруутган шалгаж байгаагаа мэдэгджээ. Энэ нэр томъёог Хятадад ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан ашигладаг болохыг AFP агентлаг онцолсон байна. Өдгөө 75 настай Жан Юшя бол хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй генерал бөгөөд Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг юм. Тэрбээр Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг өөрийнх нь удирдлагад байдаг Хятадын пуужинт цэргийн ангийн генерал Жан Шэнминтэй хуваан гүйцэтгэдэг.


Авлигатай тэмцэх нэрийдлээр өрсөлдөгчдөө намнаж байна гэж Шиг буруутгаж байна


2012 оноос хойш Цэргийн төв зөвлөлийг тэргүүлж байгаа Ши Жиньпин авлигыг Хятадад учирч буй “хамгийн том аюул” гэж тодорхойлдог. 2013 онд БНХАУ-ын удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш тэрбээр цэргийн болон төрийн эрх мэдлийн бүх түвшинд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн.


Шүүмжлэгчид түүнийг авлигатай тэмцэх энэхүү кампанит ажлыг өрсөлдөгчдөө зайлуулах зорилгоор ашиглаж байна гэж үздэг.


Хятадын эрх баригчид ардын чөлөөлөх армийн есөн албан тушаалтныг авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн шалгаж байгаагаа өнгөрсөн оны аравдугаар сард зарлаж, өндөр албан тушаалын хоёр генералыг огцруулсан нь Жан Шэнмин, Хэ Вэйдун нар юм.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг