sonin.mn

ХАНОЙ, 2026 оны нэгдүгээр сарын 29 /NHK/. Европын Холбоо, Энэтхэгийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээ дуусжээ. Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен болон Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта нар мягмар гарагт Дели хотод Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хамтран хэвлэлийн хурал хийж, 2007 онд эхэлсэн уг хэлэлцээ дууссаныг албан ёсоор зарласан байна. 


Чөлөөт худалдааны хэлэлцээрт зааснаар Европын Холбооноос Энэтхэг рүү экспортлох бараа бүтээгдэхүүний 96.6 хувьд ногдуулж буй гаалийн татварыг цуцлах эсвэл бууруулах юм.


Харин Энэтхэг улс тодорхой квотын хүрээнд Европын Холбооны орнуудаас импортлох автомашины гаалийн татварыг одоогийн 110 хувиас аажмаар 10 хувь болгож бууруулна. Мөн Европын дарсны татварыг одоогийн 150 хувиас аажмаар 20 хувьд болгон бууруулах ажээ. Түүнчлэн Энэтхэгээс Европын Холбоонд экспортолж буй хувцас, далайн гаралтай бүтээгдэхүүн, үнэт эдлэл болон бусад бараа бүтээгдэхүүний тарифыг цуцлахаар заасан байна. Уг хэлэлцээ хүчин төгөлдөр болж хэрэгжсэнээр 2 орчим тэрбум хүн ам бүхий чөлөөт худалдааны бүс бий болгох юм.


Фон дер Ляйен хэлэхдээ, дэлхийн хоёр дахь болон дөрөв дэх том эдийн засаг хамтран түншлэл байгууллаа. Энэ бол дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг хамгийн үр дүнтэй шийдвэрлэх арга бол хамтын ажиллагаа гэдгийг харуулж буй хүчтэй дохио юм гэж мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Оросоос түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн худалдан авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгээс импортлох бараа бүтээгдэхүүний татварыг 50 хувьд хүргэсэн юм. Мөн Европын орнуудад мөн нэмэлт татвар ногдуулж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна. Европын Холбоо болон Энэтхэг улс худалдаагаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна гэж шинжээчид дүгнэжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг