ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн хугацаанд Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгджээ.
“Их хүйтэрч байгаагийн улмаас тэдний нөхцөл байдал манайхтай адилхан байгаа. Ийм онцгой хүйтний үеэр нэг долоо хоногийн турш Киев болон бусад хот руу довтлохгүй байхыг би Ерөнхийлөгч Путинээс биечлэн хүссэн” гэж Д.Трамп Цагаан ордонд засаг захиргааныхаа гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгдээд “тэр үүнийг зөвшөөрсөн.
Үүнд би үнэхээр сэтгэл хангалуун байна” гэж нэмж дурдсан байна. Оросын тал эдгээр мэдэгдэлд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Цохилтыг түр зогсоохоор болсон талаар пүрэв гаргийн өглөө блог орчинд цацагдсан бөгөөд Орос, Украины телеграм сувгуудын аль алинд нь бичжээ. Оросын дайныг дэмжигч блогчдоос хамгийн түрүүнд Владимир Романов мэдээлж, өөрт нь ирсэн мэдээллийн зургийг нийтэлсэн байна. Пүрэв гаргийн өглөөний 07:00 цагаас эхлэн “цохилт өгөхийг хориглосон”, өөрөөр хэлбэл Киев хот болон Киев муж дахь аливаа объектууд, мөн Украин даяарх дэд бүтцийн объектуудад цохилт өгөхийг зогсоосон тухай “мэдээлэл ирж байна” гэж тэрбээр бичжээ.
Трампын мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн албанаас тайлбар хийгээгүй байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өвлийн хүйтний үеэр эрчим хүчний объектуудад цохилт өгөхийг түр зогсоох тохиролцоонд хүрснийг баталж, АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.
“Өвлийн энэ онцгой хүнд үед Киев болон Украины бусад хотуудын аюулгүй байдлыг хангах талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл маш чухал. Цахилгаан хангамж бол амьдралын үндэс. Хүний амь насыг хамгаалахын тулд гаргаж буй түншүүдийнхээ хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж байна. Баярлалаа, Ерөнхийлөгч Трамп!” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 30,
2026

Сэтгэгдэл1
Сайн бэлдэж байгаад дараачийн долоо хоногоос нь цохилт өгөх хэрэгтэй !