sonin.mn

Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр бүлийнхний байгуулсан гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд Хятадын 14 иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Шэнжэн хотын шүүх мэдээлжээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус шүүхээс “санаатайгаар хүний амийг хөнөөсөн, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан, хууль бусаар бусдын эрх чөлөөг хязгаарласан, луйвар үйлдсэн, янханчлалд татан оруулсан” гэсэн зүйл ангиудаар дээрх хүмүүст ял оноосон байна.


Дээрх бүлэглэлийн нэг гишүүн 11 тонн метамфетамин гэдэг мансууруулах бодисыг үйлдвэрлэн борлуулсан хэрэгт буруутгагджээ. “Синхуа” агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 29-нд Вэнжөү хотод дээрхтэй ижил хэргүүд үйлдсэн Мин овогтийн гэр бүлийн мафийн 11 гишүүнийг цаазаар авсан байна.


Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Мьянмар улсын хил орчмын бүс нутагт хилийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бүтцүүд бараг ажиллахгүй байгаа тул тэнд цахим луйврын төвүүд олноор байгуулагдаж, олон мянган хүнийг ажиллуулж байгаа ажээ.


Гэмт бүлэглэлүүд интернэтээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, телефон утсаар луйвар хийх замаар их хэмжээний мөнгө олдог байна. Тэд гадаадын иргэдийг олноор нь хүчээр скам төвүүдэд авчирч, албадан ажиллуулдаг ажээ. Бай, Мин овогтынхон болон бусад хэд хэдэн бүлэглэл олон жилийн турш Мьянмары Лауккай хотыг хяналтдаа байлгаж, цахим луйвар хийхээс гадна казино, янхны газар ажиллуулдаг байв. Сүүлийн үед Хятад улс Мьянмар, Тайланд, Камбож улсуудтай хамтран цахим луйврын төвүүдийн эсрэг идэвхтэй ажиллагаа өрнүүлж байна.




Б.Адъяахүү