Саяхан Бээжин хотноо жил бүр зохион байгуулдаг ХКН-ын Төв Хорооны Хөдөө тосгоны ажлын хурал болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлын агуулгыг нэгтгэн харвал үр тарианы үйлдвэрлэл, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө нутгийн бүтээн байгуулалт гэсэн гурван түлхүүр чиглэл онцгой анхаарал татаж байна.
Мэдээллээр, Хятад улс үр тарианы үйлдвэрлэлийг сулруулахгүй барьж, сортыг сайжруулах, чанарыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд усалгааны болон усны аж ахуйн суурь дэд бүтцийг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гол түлхүүр технологийн судалгаа, хөгжүүлэлтийг ахиулах, шинжлэх ухаан-технологийн үр дүнг үйлдвэрлэлд үр ашигтай нэвтрүүлэх зэргээр төрөлжсөн хүнсний ханган нийлүүлэлтийн чадавхыг сайжруулахаар байна.
Түүнчлэн хөдөө орон нутгийн хүн ам олон тоогоор дахин ядууралд өртөх эрсдэлийг сэргийлэхийг онцолжээ. Үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, нутагтаа буцан ирж бизнес эхлүүлэх санаачилгыг дэмжих, хошуу шяний түвшний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх зэрэг арга хэмжээгээр тариачдын орлого нэмэгдүүлэх сувгийг өргөжүүлэх төлөвтэй байна. Мөн хөдөөд жорлонгийн шинэчлэл, хог хаягдлын менежмент зэрэг ажлыг эрчимжүүлж, амьдрах орчныг сайжруулан амьдрахад таатай, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөө нутгийг бүтээн байгуулах зорилт дэвшүүлжээ.
Хятад улсын 1.4 тэрбум хүн амын ойролцоогоор гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдардаг. Хөдөө аж ахуй, хөдөө нутаг, тариачдын асуудал буюу “гурван хөдөө”-ний ажил нь ХКН-ын хувьд “намын нийт ажлын тэргүүлэх чиглэл” байсаар ирсэн байна. 1980-аад оноос хойш ХКН-ын Төв Хороо жил бүр гаргадаг №1 баримт бичиг нь 40 гаруй жил дараалан “гурван хөдөө”-ний асуудлыг хамарч иржээ.
Мөн мэдээлэлд, залуу насандаа Хятадын баруун бүсийн хөдөөд 7 жил ажилласан Ши Жиньпин “гурван хөдөө”-ний ажлыг өндөр ач холбогдолтойд тооцдог гэж дурдсан байна. 2026 он нь Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө эхлэх жил бөгөөд энэ онд “гурван хөдөө”-ний ажлыг хөдөө аж ахуй, хөдөө нутгийн орчин үеийнжилт руу чиглүүлж, хөдөөгийн бүх талын сэргэлтийг бодитой урагшлуулах, хот-хөдөөгийн уялдаа, нэгдмэл хөгжлийг ахиулахыг Ши Жиньпин шаардсан гэж мэдээлжээ. Тэрээр хөдөө аж ахуй, хөдөө нутгийн орчин үеийнжилт нь “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл”-ийн нийт дүр зураг, чанарт шууд нөлөөлнө гэдгийг онцолсон байна.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл0