СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, зохисгүй агуулга түгээж байгаа тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Австралийн засгийн газар тус компанийн удирдлагуудтай уулзах хүсэлт гаргажээ. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж буй эсэхийг холбогдох байгууллага шалгахаар болсон байна.
Австралийн Харилцаа холбооны сайд Аника Уэллс Roblox компанид албан бичиг илгээж, тус платформ дээр хүүхдүүд гэмт этгээдүүдийн бай болж, хор хөнөөлтэй контент үзэж байгаа гэдэгт "маш их санаа зовниж" байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Хүүхдүүд Roblox дээр аймшигтай дүр зураг бүхий контент үзэж, мөн гэмт этгээдүүд тус платформыг ашиглан бага насны хүүхдүүдийг уруу татаж байна гэх мэдээллүүд үнэхээр сэтгэл сэрдхийлгэм байна. Австралийн эцэг эхчүүд, хүүхдүүд Roblox-ыг илүү хяналттай, шүүлтүүртэй болгохыг хүсэж байна" гэжээ. Харин Roblox-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, тус компани нь хэрэглэгчдийг хамгаалах талаар бусад платформуудынхаас илүү хатуу бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэдгийг дурдаад, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар сайд А.Уэллстэй уулзаж ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. "Бид хувийн мэдээллээ солилцохыг хориглосон шүүлтүүртэй, чатлах үед зураг, видео илгээхийг зөвшөөрдөггүй. Мөн чатыг ашиглахын тулд насаа заавал баталгаажуулах шаардлагатай байдаг тул хүүхэд, өсвөр үеийнхэн зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ харилцах боломжтой байдаг" гэж тус компани цахим шуудангаар илгээсэн тайлбартаа дурджээ.
Сайд А.Уэллсийн мэдэгдэл нь Австралийн засгийн газар болон уг платформ хоорондын харилцаа таагүй болж байгааг харуулж байна. Roblox нь хүүхдүүдийг цахим сүлжээгээр дамжуулан уруу татахаас сэргийлэх зорилгоор чатлах насны хязгаарлалтыг өнгөрсөн онд нэвтрүүлсэн юм.
Австралийн Цахим аюулгүй байдлын комиссар Жули Инман Грант уг арга хэмжээг сайшааж, өнгөрөгч оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн олон нийтийн сүлжээний хоригт Roblox-ыг хамруулахгүй байх зөвлөмжийг өгч байсан юм. Гэсэн хэдий ч Ж.Инман Грант Roblox-ын насны ангилалд тохирсон аюулгүй байдлын функцүүдийг шалгах болно гээд хэрэв уг платформ хүүхдийг хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөхгүй бол 49.5 сая австрали доллар (35 сая ам.доллар) хүртэлх хэмжээний торгууль ногдуулах арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ. "Roblox тоглоомоор дамжуулан хүүхдүүдийг ашиглах, хор хөнөөлтэй материал түгээх асуудал үргэлжилсээр байгаад бид ихээхэн санаа зовниж байна" гэж Ж.Инман Грант хэллээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл0