sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй татварын бодлого бол хууль бус” гэсэн шийдвэрийг баасан гарагт гаргасан байна.

АНУ-ын худалдааны түншүүд, тэдгээрийн дотор Европын Холбооны орнуудын бараанд өндөр хэмжээний татвар ногдуулахдаа Ерөнхийлөгч Трамп төрийн тэргүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Онц байдлын тухай хуулийг эш үндэс болгосон нь хууль бус хэмээн Дээд шүүхийн тогтоолд дурджээ.    




Эл шийдвэрийг Дээд шүүхийн 6 гишүүн дэмжиж, 3 гишүүн эсрэг санал өгсөн байна. Дэлхийн бараг бүх улсад ногдуулсан, тухайлбал Канад, Мексик, Хятадын бараанд ногдуулсан Трампын 25 хувийн татвар нь хууль бус хэмээн Дээд шүүх үзжээ. Ингэснээр Трампын тогтоосон тариф эрхзүйн үндэслэлгүй болж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн багийнхан “шүүхэд ялагдсан тохиолдолд татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд хууль эрхзүйн бусад механизмыг ашиглана” хэмээн мэдэгдсэн байна.




Дээрх шийдвэр гарсны дараахан Ерөнхийлөгч Д.Трамп тусгайлан хэвлэлийн бага хурал зохион байгуулж үг хэлэхдээ “Дээд шүүхийн гишүүд гадаадынхны ашиг сонирхолд захирагдаж, улс үндэстний өмнө шившиг боллоо” гэжээ. Тэрбээр өөр арга хэрэгслүүдийг ашиглах бодолтой байгаагаа илэрхийлээд, эдгээр арга хэрэгсэл нь өмнөхөөс илүү хатуу байж, илүү их хэмжээний орлогыг авчирч магадгүйг онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч нь бусад улсын эсрэг хориг тогтоох эрхтэй бөгөөд эрхзүйн өөр зарчимд үндэслэн шинээр татвар ногдуулна гэдгийг Д.Трамп анхааруулжээ. Тухайлбал, 1974 онд баталсан Худалдааны тухай хуулийн 122-р зүйлийг үндэслэн дэлхийн бүх улсад одоогийн татвар дээр нэмж 10 хувийн татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн байна.  





Дээд шүүхийн шийдвэр нь нэгэнт байгуулсан худалдааны гэрээ хэлцлүүдэд нөлөөлөх үү, компаниуд төлсөн татвараа эргүүлэн авах боломжтой юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хэрвээ олон зуун тэрбумыг буцаан олгохыг засгийн газарт үүрэгдсэн шийдвэрийг Дээд шүүх гаргавал жинхэнэ эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг ажиглагчид анхааруулж байсан юм. 


Б.Адъяахүү