sonin.mn

МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /Yonhap/. Италийн хойд нутагт хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн "Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадам өчигдөр амжилттай өндөрлөлөө.

Энэхүү наадам нь зохион байгуулагч хоёр хотын нэрээр албан ёсоор нэрлэсэн анхны өвлийн олимп болсон бөгөөд мөн олимпын хоёр бамбарыг зэрэг асааснаараа онцлог байлаа.


Уран гулгалтын бүх тэмцээнийг зохион байгуулсан Италийн санхүүгийн төв болох Милан хот болон кёрлинг, цасан спортын зарим төрлийн тэмцээн уралдаан болсон Кортина д'Ампеццо хот нь хоорондоо 260 орчим километрийн зайтай оршдог. Эдгээр хотын хооронд орших спортын хоёр том цогцолборт уулын цана, сноуборд болон цанын харайлт, гүйлтийн цанын тэмцээнүүд болжээ.


Итали улс 92 орны 2900 орчим тамирчныг 22 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд хүлээн авсан байна. Ингэснээр зун, өвлийн олимпын түүхэнд хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан наадам болж бүртгэгдлээ.


Наадмын хаалтын ёслолыг Милан хотоос зүүн тийш 140 километрийн зайд орших Верона хотод зохион байгуулав. Энэхүү хотод олимпын ямар нэгэн тэмцээн болоогүй юм.



Хаалтын ёслол “Beauty in Action” сэдвийн дор болж, зохион байгуулагч орны байгалийн гоо үзэсгэлэн болон тамирчдын гайхалтай ур чадварыг алдаршууллаа.

Тамирчид алдартай киноны хөгжим болон Италийн поп дууны аялгуунд цэнгэлдэх хүрээлэнд орж ирцгээв. Мөн энэ удаагийн олимпын сүүлчийн тэмцээн болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 50 км-ийн уралдаанд түрүүлсэн тамирчдын медалийг Верона хотод гардууллаа.


Олимпын сүүлчийн тэмцээний медалийг хаалтын ёслолын үеэр гардуулдаг уламжлал 2004 оны Афины зуны олимпоос эхтэй юм.

Хаалтын ажиллагааны төгсгөлд олимпын тугийг дараагийн өвлийн олимпыг зохион байгуулах Францын Альпийн нурууны бүс нутагт шилжүүлэн өглөө. 



Медалийн нэгдсэн дүнгээр Норвеги 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 41 медаль хүртэн тэргүүлсэн бол хоёрдугаарт АНУ 12 алт, 12 мөнгө, 9 хүрэл, нийт 33 медальтайгаар бичигдлээ. Харин Гуравдугаар байрт Нидерланд 10 алт, 7 мөнгө, 3 хүрэл, нийт 20 медаль хүртэж өвлийн олимпын наадмыг өндөрлүүллээ. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг