sonin.mn

Эдийн засаг, хөгжлийн яам гэж шал хэрэггүй яам байна. Ийм яамтай болоод эдийн засаг хэдэн хувь өсөв. Энэ яамны эдийн засагт оруулсан хувь нэмэр юу байна. 


- Хэлээд өгөх амьтан байна уу?


Эдийн засаг гэдэг яамтай, яамны сайд гэсэн ямбатантай болчихоор эдийн засаг өсчихдөг юм биш. Харин ч эдийн засгийн өсөлтөөс чангаах олон мянган төрийн албан хаагчдын л нэг хэсэг болж байгаа биз ээ.


Энэ яамны зорилго нь эдийн засгийн бодлогыг тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулалт татах гэх мэтийн ерөнхий хэдэн жижүүрийн үгстэй байх бөгөөд дотор нь манай өнөө "маанаг амьтан"-ы "үлгэрийн кино" үзээд тэмдэглэж авсан "Алсын хараа-2050” мөрөөдлийн жагсаалтыг биелүүлнэ гээд биччихсэн байх юм.


Ардчилсан намын үед албан тушаалын тураалд орсон хэд дээ бий болгосон Хөдөлмөрийн яам мэтийн адил бас л нэг амьтны бөгсөнд нийцүүлсэн сандал юм уу даа. Эдийн засаг, хөгжлийн яамыг сайдаас нь авхуулаад жижүүрийг нь хүртэл бүх албан хаагчдыг нь гавьяат эдийн засагчдаараа хийлгэсэн ч манай эдийн засаг өсөхгүй ээ. Манай эдийн засаг "Ард түмний гавьяат" нүүрс, зэсийн үнээс хамаардаг гэдгийг энэ яамныхан ч өөрсдөө мэдэх байлгүй дээ. Харин ч Эдийн засаг, хөгжлийн яамгүй бол улс орны маань эдийн засаг, хөгжил дэвшилд өчүүхэн ч гэсэн тустай байна гэдэг нь гарцаагүй.


Төсөв нь хэд байдгийг мэдэхгүй юм. Дор хаяж л 40-50 тэрбум төгрөг жил дээ хэмнэнэ байх. Энэ мөнгөөр эдийн засгийг түшилцдэг ЖДҮ-чдийн татварыг өчүүхэн ч гэсэн хөнгөлж болно.


Хөгжил дэвшил гэдэг хөгжлийн яамтай байгаад ирдэггүй юм. Хөгжлийн яам нэртэй төрийн байгууллага хөгжлөөс чангаана уу гэхээс түлхэхгүй. Бас л хөгжлийн түлхүүр болсон жижиг, дунд үйлдвэрлэгчид, үйлчилгээнийхний халааснаас суйлж амьдардаг байгууллага. 


Хөгжсөн улс орны эдийн засаг ЖДҮ дээрээ тогтдог. 


Том компаниуд, ялангуяа Монголын TOP гэсэн аж ахуй нэгжүүд үнэн дээ Засгийн газрын мэдлийнх (авлига, шахаа, хулгайд идэгдсэн, өр зээлтэй, ашиггүй, "дампуурсан") эсвэл Засгийн газартай "халаас нэг", татвар төлөгчдийн мөнгөөр угжуулсан, татаасаар амиа зогоодог, Засгийн газрын тендер, төсөл дээр оршин тогтнодог. Магадгүй тэд тендер, төслөө Засгийн газарт захиалдаг ч байж мэднэ.


- Төсвөөс овоохон мөнгө авмаар байна.

- Болноо хө. Юу хийнэ гэж ард түмэнд хэлэх үү?

- Төмөр зам гээл хэлчихгүй юу.

- Бодьтой юм ярина шүү, найз аа

- Бодьтой, бодьтой...


Зарим хүн 10 MSC-тэй болж байж эдийн засаг хөгжинө, том компаниуд л улс орноо чирдэг гэж ярьдаг. Үгүй дээ, 1000 ТҮЦ-тэй болж байж эдийн засаг хөгжинө. 1000 жижиг цехтэй болж байж хөгжил ирнэ. 1000 ЖДҮ-чинтэй болж байж эдийн засаг, хөгжлийн тухай ярина. 1000 ТҮЦ-нээс 1000 дэлгүүр, 1000 дэлгүүрээс 1000 ЖДҮ-чин, 1000 ЖДҮ-чнээс 1000 үйлдвэрийн эзэн төрнө. Тэд л жинхэнэ эдийн засаг, хөгжлийн яамыг орлоно. Зорилгыг нь биелүүлнэ. 


"Алсын хараа-2050"-ийг "ойрын хараа" болгоно. 


Тиймээс хөгжлийн бодлогоо ЖДҮ-чдэд эрх чөлөө олгохоос эхэл. Жижиглэнгийн худалдаачид, үйлчилгээнийхэн, амиа авч яваа ТҮЦ-ийнхэнд эрх чөлөө олго. Зах зээлийг чөлөөл. Эдийн засагт эрх чөлөө олго. Эцэст нь хэлэхэд ЖДҮ-чнээр толгойлуулсан Эдийн засаг, хөгжлийн яамтай байснаас эсгий таавчик хийдэг ганц цехтэй байсан нь дээр шүү...



Сэтгүүлч Ч.Явуухүү