sonin.mn

Хоёрдугаар сарын 28-нд Америк болон Израил Иранд хамтарсан цэргийн цохилт өгч, мэдээллээр Ираны дээд удирдагч Хаменеи халдлагын үеэр амиа алдсан байна. Үүний хариуд Иран Ойрх Дорнод дахь Америкийн хэд хэдэн цэргийн бааз, мөн Израилтай холбоотой зарим бай руу цохилт өгсөн тухай мэдээлэгдэж, бүс нутгийн нөхцөл байдал огцом хурцадлаа.


Үүнтэй холбогдуулан Хятадын Төв Рдаио Телевизийн CGTN суваг дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр, оролцогчдын 93.9 хувь нь Америк, Израил хоёр улс Иранд цэргийн ажиллагаа явуулсныг буруушааж, үүнийг Ираны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл гэж үзжээ. Тэд цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг цааш даамжруулахгүй байхыг уриалсан байна.


Энэ удаагийн цэргийн ажиллагаа Америк, Иран хоёр улсын дипломат хэлэлцээ үргэлжилж байсан үед тохиосон нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа бодлыг ихээхэн цочроосон гэж мэдээлэлд дурджээ. Судалгаанд оролцогчдын 86.8 хувь нь хэлэлцээний явцдаа цэргийн сүрдүүлгээ нэмэгдүүлж буй Америкийн алхмыг “Америк маягийн ноёрхол”-ын илрэл хэмээн шүүмжилж, энэ нь олон улсын эрх зүйн суурь зарчмыг үл тоомсорлохоос гадна маргааныг дипломат, энхийн замаар шийдэх боломжийг эвдэж байна гэж үзсэн байна.


Мөн оролцогчдын 79.8 хувь нь “хүч хэрэглэх нь олон улсын маргааныг шийдэх зөв арга огт биш, харин үзэн ядалт, зөрчлийг улам хурцатгана” гэсэн байр суурийг дэмжжээ. Тэд Америк цэргийн давуу хүчиндээ тулгуурлан бусад улсад “туйлын шахалт” үзүүлэх арга барил нь зөрчлийг үндсээр нь арилгахгүй, харин ч хэлэлцээний орон зайг хумиж, эсрэг тэсрэг байдал, сөргөлдөөнийг улам өдөөх эрсдэлтэй гэж үзсэн байна.


Мэдээлэлд дурдсанаар энэхүү цэргийн ажиллагааны улмаас олон хүн амь үрэгдэж, шархадсан байна. НҮБ зэрэг олон улсын байгууллага, мөн олон улсын удирдагчид, засгийн газрууд Америк, Израилын цэргийн ажиллагааг буруушааж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс сэргийлэхийн тулд яриа хэлэлцээг сэргээхийг уриалжээ.


Судалгаанд оролцогчдын 90 хувь нь аль хэдийн эмзэг болсон Ойрх Дорнодын энхийн үйл явц огцом дордох вий гэж түгшиж, бүс нутгийн хурцадмал байдал “хальж тэлэх” нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн байна. Түүнчлэн оролцогчдын 94.7 хувь нь “Америк маягийн ноёрхол” олон улсын эрх зүй, улс хоорондын харилцааны нийтлэг зарчмыг үл ойшоох байдал үргэлжилбэл олон талт механизмд итгэх итгэлийг сулруулж, дэлхийн стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж хариулжээ.


Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформоор нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 23,464 хүн оролцож, байр сууриа илэрхийлжээ.