Гуравдугаар сарын 2-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хятад, Орос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулав
Мао Нин хэлэхдээ, Хятад болон Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хамтран санаачилж, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цаашид ч үүрэг ролийг идэвхтэй гүйцэтгэнэ гэж Хятадын тал найдаж, дэмжиж байна гэв.
Тэрбээр мөн холбогдох талуудыг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, нөхцөл байдлыг цаашид хурцатгахгүй байхыг уриалсан байна.
Бүс нутгийн орнууд хөршийн найрсаг харилцаанд тулгуурлан энх тайвныг хамтдаа хамгаалах ёстой
Сэтгүүлч Америк болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Иранд цэргийн цохилт өгснөөс хойш Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд болон Йордан зэрэг улсын нутаг дахь Америкийн цэргийн байгууламжууд дараалан халдлагад өртөж, холбогдох орнууд мэдэгдэл гарган буруушаасан талаар дурдан, Хятадын байр суурийг тодруулсан байна.
Мао Нин хариулахдаа, Америк болон Израиль НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Иранд цэргийн цохилт өгсөн нь олон улсын эрх зүйг зөрчсөн. Мөн байлдааны ажиллагаа бүс нутгаас хальж, хөрш орнуудыг хамарч байгаад Хятадын тал гүнээ түгшиж байна гэжээ.
Тэрбээр Персийн булангийн орнуудын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг мөн адил бүрэн хүндэтгэх ёстойг онцлов. Бүх тал цэргийн ажиллагаагаа зогсоож, дайныг цааш тэлэхээс сэргийлэхийг Хятадын тал уриалж байна гэв.
Мао Нин мөн Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн Гадаад харилцааны сайд нарын тусгай уулзалтаар яриа хэлэлцээ, дипломат арга зам нь өнөөгийн хямралыг даван туулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах цорын ганц гарц гэдгийг онцолсныг Хятадын тал сайшааж байгааг дурдлаа.
Тэрбээр эцэст нь, одоогийн бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй, эмзэг байгаа энэ үед бүс нутгийн орнууд хөршийн найрсаг харилцаанд тулгуурлан харилцаа холбоо, уялдаа зохицуулалтаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад Хятад улс дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Хятад улс олон улстай хамтран олон улсын шударга ёсыг хамгаална
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Ван И сайд Оросын Гадаад харилцааны сайд Лавровтой утсаар ярьсан тухай тодруулга авсан юм.
Мао Нин хэлэхдээ, Хятадын тал байр сууриа аль хэдийн тодорхой илэрхийлсэн. Хятад болон Оросын санаачилга, дэмжлэгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл саяхан яаралтай хуралдаж, Ираны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн гэв.
Тэрбээр Хятад улс НҮБ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт индэр дээр бүх талтай хамтран шударга ёсны дуу хоолойг өргөж, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа онцоллоо.
Хятад: Цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлэхээс сэргийлэхийг уриалав
Сэтгүүлч Хормузын хоолой болон ойролцоох усан бүс мөргөлдөөний улмаас хаагдаж, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан талаар асуухад Мао Нин хэлэхдээ, Хормузын хоолой ба түүний ойролцоох усан бүс нь олон улсын ачаа тээвэр, эрчим хүчний худалдааны чухал зангилаа бөгөөд энэ бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
Тэрбээр мөн бүх талыг цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг цааш даамжруулахгүй байхыг уриалаад, бүс нутгийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү том сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх шаардлагатайг тэмдэглэв.
Ираны дээд удирдагч амиа алдсан хэрэг: “Эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна”
Мөн сэтгүүлч Ираны дээд удирдагч амиа алдсан асуудлаар асуухад Мао Нин хэлэхдээ, Ираны дээд удирдагчид халдаж, амь насыг нь хөнөөсөн үйлдэл нь Ираны бүрэн эрх, аюулгүй байдалд ноцтой халдсан хэрэг бөгөөд НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчим, мөн олон улсын харилцааны суурь хэм хэмжээг илт зөрчсөн. Тиймээс Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна. Цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг улам гааруулахгүй байхыг уриалж, Ойрх Дорнод төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах шаардлагатай гэжээ.
“Иранаас 3000 гаруй Хятад иргэн гарсан”
Ираны аюулгүйн нөхцөл байдал хүндрээд буйтай холбоотойгоор гадаад дахь Хятад иргэдийг хамгаалах арга хэмжээний талаар асуухад Мао Нин хэлэхдээ, Бээжингийн цагаар 3-р сарын 2-ны байдлаар Иранаас 3000 гаруй Хятад иргэнийг нүүлгэн гаргасан гэв.
Тэрбээр мөн Ирантай залгаа орнууд дахь Хятадын Элчин сайдын яам, консулын газрууд ажлын хэсэг илгээн боомтуудад очиж угтан авч, Иранаас гарч буй Хятад иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж байгааг мэдээллээ.
Цаашлаад Ираны өнөөгийн аюулгүй байдлын ноцтой нөхцөл байдлыг харгалзан, Иранд байгаа Хятад иргэдийг сонор сэрэмжээ нэмэгдүүлж, аль болох хурдан аюулгүйгээр нүүн шилжихийг дахин анхаарууллаа. Тусламж хэрэгтэй тохиолдолд Хятадын Иран дахь дипломат төлөөлөгчийн газруудтай холбогдох, эсвэл 12308 консулын хамгаалалтын шуурхай утсаар хандахыг зөвлөсөн байна.
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл0