sonin.mn

Жил бүр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, мөн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны жил тутмын чуулган (нийлээд “Хоёр чуулган”) нээлтээ хийх гэж байна. Энэ жилийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулган “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх бол, УТЗЗ-ийн чуулган уг төслийн талаар өргөн хүрээнд зөвшилцөж, санал зөвлөмж гаргах юм. Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Хоёр чуулган”-ны үеэр хэлэлцэгдэх асуудал, гаргах шийдвэрүүд нь Хятадын ирэх таван жилийн бодлогын чиг хандлагыг ажиглах чухал цонх гэж онцолжээ.


Японы “Никкэй” сонин 3-р сарын 1-ний нийтлэлдээ, 2026–2030 оныг хамрах “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний хөтөлбөр нь Хятадын дараагийн таван жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох суурь баримт бичиг бөгөөд гол цөм нь “өөртөө түшиглэн хүчирхэгжих” үзэл санаа гэж тэмдэглэсэн байна. Тодруулбал, Хятад улс хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин зэрэг өндөр технологийн салбарыг түлхүү хөгжүүлж, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг улам боловсронгуй болгохоор зорьж буйг дурджээ. Мөн эдгээр чиглэлд гол цөм технологийн судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс болох зорилтоо ахиулна гэж мэдээлсэн байна.


Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад улс институцийн шинжтэй нээлттэй бодлогоо тэлж, иргэдийн зорчих хөдөлгөөн, визийн зохицуулалтаа сайжруулснаар “Хятадад худалдан авалт хийх”, “Хятадаар аяллах” зэрэг сэдэв гадаадын сошиал платформуудад идэвхтэй хэвээр байгааг гадаадын хэвлэлүүд онцолжээ. Түүнчлэн “Хоёр чуулган”-аас гарах шинэ реформын арга хэмжээ, нээлттэй бодлогын шинэ шийдлүүд, мөн их гүрний дипломат бодлого зэрэг нь гадаадын хэвлэлүүдийн анхаарлын төвд байна.


Харин “Казахстаны Үйлдвэр, аж ахуйн сонин” зэрэг хэвлэлүүд геополитикийн тогтворгүй байдал, худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэн тогтож буй энэ үед энэ удаагийн “Хоёр чуулган” онцгой ач холбогдолтой гэж дүгнэжээ.