Морин спорт уяачдын “АРВАГАР ХЭЭР” холбоо уриалга гаргажээ.
Уг уриалгад: "Монголчуудын дэлхийд данслагдсан үндэсний их өв соёл болох үндэсний морин уралдаанд тулгарч буй сорилт, эрх зүйн зөрчил, хөгжлийн чиг баримжааны тодорхойгүй байдлыг оновчтой шийдвэрлэх зорилгын хүрээнд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооноос зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Улс, аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөн”-өөс дараах бодлого, зарчмыг санал дэвшүүлж, Монголын нийт уяачид, төрийн болон төрийн бус байгууллагуудыг эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг уриалж байна.
Нүүдэлчдийн их соёлыг тээж хөдөөг эзэнтэй байлгаж буй мөнх тэнгэрийн доорх мөнх амьдралын доор хэлхээт нүүдэлчин ах дүүс ээ. Хүн төрөлхтний арван мянган жилийн турш байгалиас тасарч өөрсдийн бүтээсэн хиймэл нийгмийн системд төөрч дэлхий нийтээрээ өнөөдөр мухардалд хүрээд байна. Энэ нийгэм байгалийн эзэрхэж өмчилж устгаж ирсэн бол нүүдэлчин бид байгалийн жамыг тээж хамгаалж зогсож ирсэн. Дэлхий нийтээрээ хайж буй тэр амьд үлдэх нууц бидний цусанд бидний ахуйд бидний сэтгэлгээнд хадгалагдаж байна. Энэ зөвхөн уяач морь уралдуулахын талаар эрхэмлээгүй энэ их өв соёлыг тээгч малчид нүүдэлчдийн их амар амгалангийн тухай ярих цаг болсныг олон түмэнд хүргэж байна.
Нэг. Улс, аймаг, сумдын Үндэсний их баяр наадмын морин уралдааныг 2026 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн уралдах морьдыг стандартын дагуу ялган бүртгэх үндэсний хэмжээний нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх. Нүүдэлчин ардын уламжлал, зан заншлын хүрээнд сум, орон нутагт иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг (цагаан сар, овоо тахилга, шинэ гэр, хүүхдийн үс үргээх, алдар гавьяа тэмдэглэх зэрэг) морь уралдуулах уламжлалт зан үйлийг Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан соёлын өвийг хамгаалах, уламжлалаа дээдлэх суурь зарчимд нийцүүлэн “Үндэсний уламжлалт соёлын өвийн тусгай хэлбэр” гэж хүлээн зөвшөөрч, спорт, бизнесийн шинжтэй морин уралдаанаас эрх зүйн хувьд ялган ангилж, хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийн хамгаалалтыг хангасан аюулгүй байдлын тусгай шаардлага, зохицуулалтын хүрээнд захиргааныерөнхий хоригт хамруулахгүй байх тусгай зохицуулалтыг хууль тогтоомжид тусган баталгаажуулах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.
Хоёр. Монгол адууны генийн судалгааг бүрэн хийж баталгаажуулах, бүртгэлжүүлэх үндсэн монгол адуугаараа бахарах үнэт зүйлийг хойч залуу үедээ зөв төлөвшүүлэх ажлыг шат шатны байгуулагууд хамтын шийдвэрээр үлгэрлэн ажиллах стандартад тэнцсэн адууг бүрэн бүртгэлжүүлэн 8-13 насны хүүхэд унах, бусад ангилалын адууг 14 дээш насны мэргэшсэн уралдаанчаар унуулж уралдуулах мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх. Морин уралдааныг ямар ямар ангиллаар дагнан зохион байгуулах хооронд нь хольж уралдуулахгүй байхыг хориглох. Адууг спорт, бизнесийн чиглэлээр насны ангиллаар зохион байгуулж, амжилтыг холбогдох цол, болзолд хамааруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.
Гурав. Морь уяж, уралдуулж буй нийт уяачид Дараах зарчмыг үнэт зүйл болгон хэвшүүлэхийг уриалж байна. Уламжлалт нүүдэлчдийн Жам хийгээд Ёс болон Төрийн хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж, төрөөс гаргасан шийдвэрийг хуульчлан биелүүлж ёс зүйтэй уралдуулах зарчмыг ухамсартайгаар хэрэгжүүлэх. 3.2 8-13 насны хүүхдээр зөвхөн үндэсний уламжлалт морин уралдаанд, бусад ангиллын уралдаануудад цаашид мэргэжлийн уралдаанчаар унуулдаг тогтолцоонд шилжихийг дэмжих. Орчин үеийн уяа сойлгын арга барилыг эзэмшихийн зэрэгцээ Монгол уяаны уламжлалт эрдэм ухааныг хадгалж, өвлүүлэн уламжлуулах үйл хэргийг түүчээлэх. Үндэсний уламжлалт морин уралдаан бол спорт төдийгүй Монгол үндэстний соёл, ахуй, оюун санааны дархлаа юм. Түүнийг хамгаалах нь хориглох бус, зөв ангилж зохицуулах бодлогоор хэрэгжих учиртай. Хурдан морины босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай." гэсэн байна.
Н.Отгончимэг
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Хэрвээ шаардсан хуулийг батлахгүй бол энэ балай улсыг тараагаад юмуу татөн буулгаад Арвагар хээр гэдэг улсыг байгуулах хэрэгтэй !! өөр арга байхгүй !!