sonin.mn

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон АН-ын гишүүд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлэв.


БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр энэ үеэр: "АН-ын ИТХ-ын төлөөлөгчид, АН-ын залуучууд АН-ын дарга О.Цогтгэрэл болон дотоод сонгуулийн хороонд шаардлага хүргүүлж байна. АН улс орон даяар шинэчилсэн бүртгэл хийж эхэлсэн. Гуравдугаар сард дуусна.



Гэтэл АН үүд хаалгаа нээсэн дээр нь гэж байгаа юм шиг МАН-ын хүч зузаатгал болж байна. Ингэж хэрхэвч болохгүй. Бусад нам, эвслүүдээс ч АН-д элссээр байна.



Энэхүү нөхцөл байдал нь дан ганц Баянзүрх дүүрэгт бус бусад аймаг, дүүрэгт ч явагдаж байж магадгүй тул анхаарах шаардлагатай байна. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн намын гишүүдийг бүрдүүлэх, анхан шатны үүрийн хурлууд эхлэхээс өмнө, намын гишүүдийн оролцох нөхцлийг хангах, дотоод сонгуульд санал өгөх гишүүдийг тусгайлан журамлаж өгөхийг О.Цогтгэрэл дарга болон зохион байгуулах зөвлөлд хүргүүлж байна.


Мөн бидний зүгээс АН-ын дарга болон дотоод сонгуулийг зохион байгуулах чиг үүрэг бүхий зохион байгуулах хороонд хүргүүлсэн Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийг зохион байгуулах дэд зөвлөлийн дарга Т.Батцогт, нарийн бичгийн дарга М.Тулгат нарыг солих шаардлагад нэн даруй хариу өгөхийг шаардаж байна” гэлээ.



М.Чой