sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа өнөөдөр (2026.03.04) Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэллээ. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангайн бүсэд ажилласныхаа дараа ийнхүү төвийн бүсийнхэнд тулгамдаж буй асуудал, орон нутагт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтот санаачилгуудын хүрээнд нээлттэй санал солилцож байгаа юм.


УИХ-ын дарга Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтаараа өөрийн дэвшүүлсэн Чөлөөлье санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” илтгэлээ танилцуулав.



Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын эхэнд эдийн засгийг чөлөөлөх зорилтот арга хэмжээнүүд багтжээ. Өөрөөр хэлбэл хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх ажлуудыг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр, макро эдийн засгийн зарим тоон үзүүлэлтээс танилцуулаад, эдийн засгийн өсөлтийг иргэдэд мэдрэгдэхүйц, айл өрхүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйц хүртээмжтэй болгоход төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг чухалчилж ажиллана гэлээ.


Өнгөрсөн намрын чуулганаар иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн. Энэ хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх цогц арга хэмжээг авч, төсвийн хэт тэлэлт болон эрэлтийн гаралтай инфляцаас сэргийлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн бол Монголбанкинд зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгажээ.



Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсныг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтыг хүчингүй болгож, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхийг чиглэл болгосон.


Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, бизнесийн орон зайг тэлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Энэ бүхнийг Эрх зүйн чөлөөлөлтөөр амилуулж, бодитоор хэрэгжүүлэх хуулийн орчныг бүрдүүлэхээ тэрбээр хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг илүү баталгаажуулсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.



Цаашид хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний аливаа эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, дүн шинжилгээ хийдэг болно гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжуудаас дурдав. УИХ-ын даргын дэвшүүлсэн гурав дахь чөлөөлөлтийн бодлого нь ногоон хөгжил, эрчим хүчний хараат байдлыг багасгахад чиглэж байна.



Манай улс нар, салхины арвин нөөцөө ашиглан өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээг санаачлан эхлүүлснээ танилцууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 өрх нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбуулснаар хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ нийлүүлж, орлого олж эхэлжээ.


Яг энэ шийдлийг айлуудад нэвтрүүлэхэд 14-15 шат дамжлагатай байсныг цуцалж, Эрчим хүчний сайдын баталсан шинэ журмаар 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсныг танилцууллаа. Үүнээс гадна орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, эдгээрт суурилсан цахилгаан машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборуудыг барих ажлуудын талаар дурдав.