КИНШАСА, 2026 оны гуравдугаар сарын 5 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн нутгийн Хойд Киву мужийн Рубая колтаны уурхайд үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний нуралт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээлжээ.
Тус уурхайг хяналтдаа байлгадаг "AFC/M23" гэдэг босогчдын бүлэглэлийн төлөөлөгч ослын улмаас таваас зургаан хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлсэн байна.
Дэлхийн колтаны 15 орчим хувийг Рубая уурхайгаас олборлодог. Колтаныг боловсруулан халуунд тэсвэртэй тантал гэдэг металлыг гарган авдаг бөгөөд уг металлыг гар утас, компьютер, сансар огторгуйн төхөөрөмжийн эд анги болон хийн турбин үйлдвэрлэхэд ашигладаг байна. 2024 оноос хойш "AFC/M23" бүлэглэлийн хяналтад байгаа уг уурхайг БНАКУ-ын Засгийн газар ашигт малтмалын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д санал болгож буй уурхайнуудын жагсаалтад саяхан оруулсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр тус уурхайд мөн ийм осол гарч, 200 гаруй хүн амиа алджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл0