sonin.mn

НҮБ-ын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий орчмын тойрог замд 4510 объектыг гаргасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Харьцуулахад, 2023 онд 2903 объект, сансрын эрин үе эхэлснээс хойш 25 мянга орчим объектыг сансарт хөөргөсөн байна. Үүнээс АНУ олон тооны бага оврын арилжааны хиймэл дагуулуудыг хөөргөсөн нь сансар дахь объектуудын тоо өсөхөд голлон нөлөөлжээ.


Тухайлбал, Америкийн SpaceX компани гэхэд Starlink сүлжээний 9 мянга гаруй хиймэл дагуулыг эзэмшиж, дэлхий даяар өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлж байна.


Харин хиймэл дагуулын тоо эрчимтэй өсөж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа ажээ. Жишээ дурдахад, тойрог зам дахь аппаратуудын улмаас дэлхий дээрх дуран авайнуудын авсан гэрэл зургууд дээр зураас судлууд үлддэг байна. Цаашдаа хиймэл дагуулуудын тоо өссөнөөр тун удахгүй “Хаббл” дуранг ажиллуулахад саад учрах бололтой.


Мөн дэлхийд ойртон ирж буй солируудын ажиглах явцад хүндрэл учруулж магадгүй юм. Түүнээс гадна зөөгч пуужингуудаас ялгарч буй түлшний бохирдол нь эрдэмтдийн санааг ихээхэн зовоож байна.


Сүүлийн жилүүдэд тойрог замд идэвхтэй ажиллаж буй хиймэл дагуулуудын тоо эрчимтэй өсөж байна. Харвардын их сургуулийн одон орон судлаач Жонатан МакДауэллын тооцоолсноор, 10 жилийн өмнө тойрог замд 1200 хиймэл дагуул ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо 12 мянгад дөхжээ. Улмаар 2040 он гэхэд тойрог замд байгаа хиймэл дагуулуудын тоо 100 мянгад хүрнэ гэж одон оронч таамагласан байна.



Б.Адъяахүү