Гуравдугаар сарын 4-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргаллаа.
Энэ үеэр сэтгүүлч Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Испани улсыг Иранд цохилт өгөхөд агаарын цэргийн баазаа ашиглуулахыг зөвшөөрөөгүй тул хоёр орны бүх худалдааны харилцааг тасална гэж сүрдүүлсэн талаар асуув.
Мао Нин хариулахдаа, Америк болон Израилийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа олон улсын эрх зүйг зөрчсөн бөгөөд худалдааг улс төрийн хэрэгсэл, зэвсэг болгон ашиглах ёсгүй гэжээ.
Мөн нэгэн сэтгүүлч Хормузын хоолой орчмын тэнгисийн замд саад учирч буй асуудлаар асуухад, Мао Нин Хормузын хоолой болон түүний орчмын усан бүс нь олон улсын бараа, эрчим хүчний худалдааны чухал гарц юм. Тус бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэв.
Түүнчлэн цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг цаашид даамжрахаас сэргийлэхийг Хятадын тал холбогдох талуудад хандан уриалж байна. Мөн бүс нутгийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засагт илүү ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг тэрээр онцолсон байна.
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл0