Даян дэлхийгээрээ дэлхийн II дайнаас хойших хамгийн гүнзгий өөрчлөлтийн үеийг туулж буй энэ үед “Дэлхийд юу тохиолдоод байна вэ, Хятад яах вэ?” гэсэн асуулт дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Даян дэлхий Хятадыг ажиглаж, ойлгох чухал цонх болдог жил тутмын “хоёр чуулган” энэ удаа ч олон улсын анхаарлыг ихэд татаж байна.
Чуулганы өмнөхөн Хятадын Төв Рдаио Телевизийн CGTN суваг Чинхуа их сургуулийн Шинхуа Олон улсын харилцаа, мэдээллийн судалгааны хүрээлэнтэй хамтран “2026 оны халуун сэдвийн төлөв байдлын тайлан”-г нийтэлж, олон улсын 10, Хятадтай холбоотой 10 гол асуудлыг нэгтгэн тодорхойллоо. Эдгээр нь дэлхий нийтийн хариулт эрж буй асуултуудын “цонх” болж байна.
Тайланд дурдсанаар, олон улсын дэг журмын хувьсал “удаан хувьсагчдын хурдасгал” гэсэн шинжтэй болж, урт хугацааны, нөөц шавхах, гадна тийш нөлөө нь тэлэх хандлага тодорчээ. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийг дагалдан дүрэм тогтоох, зохицуулалтын өрсөлдөөн, засаглалын зөрүү гүнзгийрч, олон нийтийн хэлэлцүүлэг “ашигтай юу?” гэдгээс “хянаж чадах уу, хэн тогтоох вэ?” рүү шилжиж байна.
Хятадтай холбоотой халуун сэдвийн хувьд олон улсын хэвлэл мэдээлэл Хятадын “тогтвортой байдлаас ахиц руу, ахицаас шинэчлэл рүү” чиглэсэн бүтцийн шилжилтэд анхаарч, ялангуяа чанартай хөгжлийн хүрээнд тогтвортой хүлээлт бүрдүүлэх, шинэ өсөлтийн хөдөлгүүр бий болгох асуудалд илүү төвлөрч байна. Үүнд шинэ шатны шинэчлэл, платформ ба технологийн засаглал зэрэг багтаж байна.
Олон улсын байдал тогтворгүйжиж, аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд
Тайланд багтсан олон улсын 10 гол сэдэвт бүс нутгийн мөргөлдөөн, дэлхийн аюулгүй байдлын сорилт, барууны популизмын нийгмийн нөлөө, хиймэл оюун ухааны зохицуулалтын өрсөлдөөн, нийтийн эрүүл мэндийн тогтолцооны тэсвэр, уур амьсгалын хямрал, дижитал валют ба санхүүгийн эрсдэл, усны нөөцийн маргаан, хүнсний аюулгүй байдал, дүрвэгсдийн хямрал, “Дэлхийн өмнөд”-ийн өсөлт зэрэг багтжээ.
Тайланд дурдсанаар, дэлхийн аюулгүй байдлын орчин өндөр эрсдэлийн бүсэд хэвээр байх магадлалтай. Их гүрнүүдийн өрсөлдөөн гүнзгийрч, “Дэлхийн өмнөд”-ийн орнууд олон улсын дүрмийн шинэчлэлд илүү идэвхтэй оролцох төлөвтэй байна. Хиймэл оюун ухааны салбар дахь технологи, зохицуулалтын өрсөлдөөн ч эрчимжиж, дэлхийн AI тогтолцооны хуваагдал, “тасралт” үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж дүгнэжээ.
“15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл, эдийн засгийн тэсвэр ба технологийн чадамж онцлогдож байна
Хятадтай холбоотой 10 гол сэдэвт “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл, ХКН байгуулагдсаны 105 жилийн ой, хүнсний аюулгүй байдлыг зохицуулах шинэ арга хэмжээ, чухал технологийн ахиц, орон нутгийн санхүүгийн шинэчлэл, “Дижитал Хятад”, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр, “Эрүүл Хятад”, эдийн засгийн тэсвэр ба “давхар эргэлт”-ийн бүтэц зэрэг багтжээ.
2026 он бол “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил бөгөөд Хятад маягийн орчин үеийн хөгжлийн үзэл баримтлал, ололт амжилт олон улсын анхаарлын төвд байх болно. Инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь урт хугацааны тогтвортой өсөлтийн шинэ хөдөлгүүр болно гэж тайланд онцолжээ. Мөн шинэчлэл, нээлттэй бодлогыг гүнзгийрүүлж, нэгдмэл дотоод зах зээлийг бэхжүүлэх нь эдийн засгийн дотоод хөдөлгөгч хүч, цочрол даах чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж дүгнэсэн байна.
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл0