ЖЕНЕВ, 2026 оны гуравдугаар сарын 6 /new-science.ru/. Урт наслалтын нууцыг тайлах судалгаанд Швейцарын эрдэмтэд маш чухал алхмыг хийлээ. Тэдний саяхан хийсэн судалгааны явцад өндөр настнуудын цусанд шинжилгээ хийж, хөгшрөлтийг удаашруулдаг хэдэн арван уураг байдаг болохыг нээн илрүүлжээ.
Женевийн их сургуулийн судлаачид хүн амын гурван бүлгийн хүмүүсийн цусны дээжийг шинжилсэн байна. Үүнд 30-60 насны эрүүл залуу хүмүүс, эмнэлэгт хэвтэж буй 80-90 насны хүмүүс ба 100-гаас дээш настай хүмүүс хамрагджээ. Нас ахих тусам цусны плазмын уургийн нийлэгжилт хэрхэн өөрчлөгдөж буйг үнэлэх, энэхүү өөрчлөлт нь бодисын солилцоо, дархлаа ба насжилтад хэрхэн нөлөөлж буй тодорхойлох нь шинжилгээний гол зорилго байв.
Ингээд 700 гаруй төрлийн уургийг шинжлэхэд 100-гаас дээш настнуудын бие дэх 37 төрлийн уураг нь “80 настнуудынхаас илүүтэй хамгийн залуу бүлгийнхний уургийн үзүүлэлттэй ойролцоо” байжээ. Эсийн физиологч Флавьен Делэ-гийн ярьснаар, энэ нь шинжилсэн бүх уургийн ердөө 5 орчим хувь нь юм. Тэгэхээр урт настнууд нь хөгшрөлтөөс зайлсхийх аргагүй боловч хөгшрөлтийн зарим механизм нь илт удааширдаг болох нь харагдлаа.
Илрүүлсэн уургуудын зарим нь дархлаа болон бодисын солилцоог зохицуулдаг байна. Зарим нь эритроцитүүд ялгарах явцыг хариуцаж, согогтой уургуудыг, тухайлбал Альцгеймерийн өвчинтэй холбоотой уургуудыг гадагшлуулдаг ажээ. Бусад зарим уураг нь апоптоз буюу эсийн программчлагдсан үхэл буюу эс өөрийгөө устгах байгалийн үйл явцыг эхлүүлдэг. Харин гуравдахь хэсэг уургууд нь өөх тосны солилцоо ба инсулиний ялгаралттай холбоотой эерэг нөлөөг үзүүлж, биемахбодийг бодисын солилцооны хямралаас хамгаалдаг ажээ. Түүнээс гадна урт настнуудын хувьд, эсийн гадуурх матриксийг дэмждэг уургууд нь баяжсан байв. Энэхүү матрикс бол эсүүдийг хамтад нь барьж тогтоож байдаг нэг ёсондоо биемахбодийн “цемент” юм.
Гэхдээ шинжлэн судалсан уургуудаас ердөө 5 нь хамгийн их үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна. Эдгээр уураг нь хөгшрөлтийг түргэсгэж, дархлааны хэт хариу урвалтай холбоотой аж. Учир нь, урт настнуудын хувьд исэлдэлтийн эсрэг уургийн түвшин нь ахимаг настай хүмүүсийнхээс доогуур байжээ. Өнгөц дүгнэхэд энэ нь байж боломгүй мэт санагдана, гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар, 100-гаас дээш настнуудын хувьд исэлдэлтийн стрессийн түвшин нь угаасаа доогуур байдаг учраас стрессийн эсрэг хамгаалалтын уургийг их хэмжээгээр ялгаруулах шаардлагагүй юм.
Түүнээс гадна глюкозын бодисын солилцоотой холбоотой үл анзаарагдах нэгэн механизмыг илрүүлсэн байна. Тодруулбал, инсулиний ялгарлыг эрчимжүүлдэг GLP-1 дааврыг задалдаг уургийн түвшин урт настнуудад өндөр байжээ. “Үүнээс харвал, зуун настнууд инсулинийг ихээр ялгаруулах шаардлагагүйгээр глюкозын зохистой тэнцвэрийг хадгалдаг” гэж Делэ ярилаа.
Энэ бүх нээлтээс дүгнэлт хийхэд, урт наслахын нууц нь биемахбодийн хамгаалалтын тогтолцооны хэт идэвхжилд бус харин бодисын солилцооны эрүүл байдал, бодисын солилцоог зохицуулдаг тогтолцоонуудын үр дүнтэй ажиллагаанд оршдог гэдэг нь харагдаж байна.
Үүний сацуу, Швейцарын эрдэмтдийн судалгаа нь “үрэвслийн хөгшрөлт”-ийн онолыг баталжээ.
Мөн генийн хүчин зүйл нь урт наслалтад 25 хувийн нөлөө үзүүлдэг учраас энэхүү судалгаа нь практик ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэлээ. Бусад 75 хувь нь хооллолт, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал, нийгэм дэх оролцоо, холбоо харилцаанаас хамаардаг байна. Тодорхой хэлбэл, урт наслах нууцын түлхүүр нь таны гарт байна гэсэн үг.
Б.Адъяахүү
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл6
Эмэгтэй хүн өндгөн эсгүй болж, цэвэршсэн тэр цагаас хойш өөрийн үр хүүхэд ач зээ нарынхаа төлөө ажиллаж амьдардаг. Хүн хэдийгээр үржилд оролцох боломжгүй болсон ч илүү урт наслаж, ач зээ нараа өсгөж өгөхөд оролцож байгаа нь цаанаасаа урт наслах дэмжлэг, тусламж аль алийг нь олж авдаг. Генийг хайж явах шаардлага угаас байхгүй.
яэтгэлийн тэнхээ үхүүлдэггүй дэмждэг
Дональд Трамп 100 наслах байх ! Одоо биё нь мэдрэлээс бусад нь их сайн бөгөөд Мёланигаа ноолоод цаадах нь Трамп ахаа одоо больё өвдөөд бөйна маргааш больё гэж хэлдэг гэсэн ! Путин ч биё сайн байгаа бөгөөд зурагтаар өдөр болгон гарч л байна ! биё хамгаалагч нь гэнэт хажуунаас нь буудчихгүй л бол мөн 100 хүрнэ ! Хүний нас гэдэг бол сэтгэлээсээ л болдог зүйл ! Үхьё гэж бодож байгаа бол 20 гастай байсан ч үхүүлж л орхино хорвоо !!
засс юун трампсаг юм тэр төгцөг хэд наслах нь хэнд хамаатай юм бэ үхэж далд орвол сайн
хөгширөх тусам залуус ,хүүхдүүд ,нялхастайнаа хамт амьдрах хэрэгтэй маш их эрч хүч баяр баясгаланг авдаг тийм хүмүүс өндөр насалдаг.ганцаардал хортой
орос хятад цөмийн судалгаагаар аль хэдийн нээсэн шүү