sonin.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.10/ боллоо. Уг арга хэмжээнд оролцсоныхоо дараа Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд: "1990 оны 3-р сарын 9 нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан гэдгийг Батмөнх гуайн 100 жилийн арга хэмжээний үеэр анх сонслоо!


90 оны эл үйл явдлын үеэр хуягт тэрэг татсан байсан, Ганц худгийн хоёр давхарыг бэлдсэн байсан гэж миний хэлснийг эгдүүцсэн Баабар, тус арга хэмжээн дээр үг хэлэхдээ  "үнэний" нэрийн өмнөөс зэвүүцэн намайг няцаав?!


Харин,яг тэр үед Батмөнх гауйн баруун гарын туслах асан Батаа (өнөөдөр бас 84 насны ойн өдөр) гуай,Баабарын дараа үг хэлэхдээ:хүч хэрэглэх санаа байсан гэж Батүүлийн хэлсэн нь үнэн гэдгийг нотлон хэлээд,тэр бүү хэл Алтанбулагаас (бодвол Төв аймгийн Алтанбулаг байлгүй?) байлдааны нисдэг тэрэг авчирч пуужиндая гэж санал гарч байсныг нэмж хэлэв. 

Тэр үед өлсгөлөнг хамгаалахаар оюутнууд жагсаж ирээд талбай дүүрсэн байсан.Бид болон тэднийг нийлүүлээд байлдааны нисэх тэрэгний пуужингаар харвах санал гарсан юм байж л дээ!


Баабар тэр үед МАХН-ын удирдлагуудтай уулздаг байсан байх, тэд яалаа гэж түүнд тэнэг юм шиг бид, хүчээр дарах гэж байгаа гэж хэлэх вэ дээ.Хүч хэрэглэх үйл ажиллагаа бол ямагт өөрөө нууц байдаг!

Миний хэлээд байгаа мэдээлэл бол манай төв штабаас өлсгөлөн зарлаж суугаа бидэнд өгсөн мэдээлэл. Ардчиллыг дэмждэг НАХЯ-ны залуус сэрэмжлүүлж нууцаар мэдээлэл өгсөн юм билээ.Энэ мэдээллийг аваад С.Зоригийг хүртэл нууц байдалд оруулсан байсан!


МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү,Баабар минь! Ардчилсан хүчин гарч ирж тэмцээгүй бол "зөвлөлтийн өөрчлөн байгуулалт" гэх хог л Монголд байх байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалаас хойш 1 жил 5 сарын дараа дөнгөж сая л Москвад "ардчилсан хувьсгал" болсон юм шүү,Баабар минь. Юу үнэн энэ үнээн!" гэж бичжээ.