sonin.mn

БЕРЛИН, дөрөвдүгээр сарын 10 /Reuters/. ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц Ираны дайны улмаас НАТО-гийн эвсэл дотооддоо хагаралдах ёсгүй гэж үзэж байгаагаа Пүрэв гарагт мэдэгдлээ. Түүнчлэн батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүн орнуудаас цэргээ эргүүлэн татна гэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сүрдүүлгийг төдийлөн ач холбогдолтой бус зүйл хэмээн зөөлрүүлж тайлбарласан байна.


Мөн тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Вашингтон болон Европын холбоотнуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр Ирантай хийх хэлэлцээгээ сэргээж байгааг онцоллоо.


Энэхүү алхам нь олон мянган хүний аминд хүрч, Германы эдийн засагт ч хүндээр тусаад буй эрчим хүчний хямралыг өдөөж буй дайныг зогсооход тус дөхөм үзүүлэх зорилготой юм. Ираны дайн нь НАТО-гийн хувьд томоохон сорилт болоод байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн долоо хоногуудад тус байгууллагыг "хүчин мөхөс" (цаасан бар) хэмээн удаа дараа шүүмжилж, АНУ-ыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргахаа мэдэгдээд байгаа юм.


“Бид НАТО-гийн эвсэл дотооддоо хагаралдахыг хүсэхгүй байна. Энэ эвсэл бол манай улсын, тэр дундаа Европын аюулгүй байдлын гол баталгаа юм” хэмээн Ф.Мерц хэлэв.


Талууд урт хугацааны гал зогсоох хэлэлцээрт хүрсэн тохиолдолд Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад Герман улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Канцлер илэрхийлжээ. Ираны удирдлагуудтай Техран хотноо хийх гэж буй шууд хэлэлцээ "удаан хугацаанд нам гүм байсны эцэст" сэргэж байгааг Ф.Мерц тэмдэглэв. Бид удахгүй болох хэлэлцээг амжилттай болгоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахыг зорьж байна хэмээн тэрбээр нэмж дурдлаа.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг