sonin.mn

Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригийг цуцалснаар тэд төрийнхөө далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломжтой болсныг Олон улсын усан спортын холбоо буюу World Aquatics мэдэгдлээ. “Сүүлийн гурван жилийн хугацаанд World Aquatics болон усан спортод шударга байдлыг хангах алба /AQIU/ хамтран уралдаан тэмцээнүүдийг амжилттай явуулж ирлээ.


Бидний зүгээс битүү болон задгай усан сангуудыг нээлттэй байлгаж, бүх улс орны тамирчид дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцох боломжийг хангах шийдвэр төгс байна” гэж World Aquatics-ийн ерөнхийлөгч Хусейн Аль-Мусаллам хэлсэн байна.


Мөн тэрбээр тус холбоон дахь Орос, Беларусийн гишүүнчлэлийг сэргээснийг мэдэгдлээ. Ийнхүү хоригийг цуцалсны дараа Оросын тамирчдын оролцох эхний тэмцээнүүд бол энэ сарын 21-26-нд Мальтад болох II дивизионы эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн, 24-25-нд Испанийн Ибица хотод болох дэлхийн цомын тэмцээн юм. Гэхдээ Оросын усан спортын тамирчид сэргээшийн шинжилгээг дараалан дөрвөн удаа өгсөний дараа төрийнхөө далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломжтой.


Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд Олон улсын усан спортын холбоо Украин дахь нөхцөл байдалтай холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг хассан юм. 2023 оны 9 дүгээр сард хоёр улсын тамирчид тус холбооны далбаан дор тэмцээнд оролцох эрхтэй болжээ.


World Aquatics бол усанд сэлэлт, уран сэлэлт, усанд үсрэлт, усан поло гэсэн дөрвөн төрлийг нэгтгэсэн холбоо юм. Одоогийн байдлаар World Aquatics-ээс гадна Олон улсын тэквондогийн холбоо, Олон улсын жүдогийн холбоо Оросын тамирчдад тавьсан хоригоо цуцлаад байна. 




Б.Адъяахүү