СӨҮЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. БНСУ-ын алдарт “BIGBANG” хамтлаг байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд АНУ-ын Калифорни муж улсын Индио хотод болж буй “Coachella” (Coachella Valley Music and Arts Festival) хөгжмийн наадмын тайзнаа тоглолтоо толилуулжээ. Ийнхүү тус хамтлаг есөн жилийн дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирж буй нь энэ юм.
Хамтлагийн гишүүд болох G-Dragon, Тэян болон Дэсон нар тус наадмын “Outdoor Theatre” тайзнаа 50 минутын турш хит дуунуудаа дуулж, үзэгчдийг байлдан дагуулжээ. Тоглолтын үеэр тэд “Bang Bang Bang”, “Fantastic Baby”, “Loser” зэрэг дэлхий нийтэд танигдсан шилдэг бүтээлүүдээ толилуулсан байна.
“Бид энэ тайзан дээр эргэн ирэхийн тулд маш удаан хугацааг тууллаа. BIGBANG эргэн ирлээ! Манай хамтлагийн 20 жилийн ойн баяр дөнгөж эхэлж байна. Цаашид илүү том гэнэтийн бэлгүүд хүлээж байгаа тул биднийг түр хүлээгээрэй” хэмээн хамтлагийн ахлагч G-Dragon үзэгчдэд хандан хэлжээ. Мөн гишүүн Дэсон энэ мөчийг маш удаан хүлээсэн гэдгээ онцлоод, “Coachella”-гийн энэ тоглолт нь түүний хувьд мартагдашгүй үдэш байна гэлээ. Тэд тоглолтоо “Still Life” дуугаар өндөрлүүлээд, цаашид хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгийг шүтэн бишрэгчдэдээ амласан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл0