sonin.mn

(ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковтой хийсэн ярилцлага)


Евразийн Засгийн газар хоорондын зөвлөлийн хурал Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнуудын таван Ерөнхий сайдын оролцоотойгоор Казахстаны Шымкент хотод гуравдугаар сарын 27-нд боллоо. Мөн тус байгууллагын ажиглагчийн статустай орнууд болох Иран, Куба, Узбекистаны төлөөлөгчид, түүнчлэн Таджикистаны Ерөнхий сайд оролцов. Уг арга хэмжээний үр дүн, ЕАЭЗХ-ны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн хэтийн төлөвийн талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковтой ярилцлаа.


-Евразийн эдийн засгийн зөвлөлийн хурлын гол үр дүн юу байв?


-Энэ удаагийн хурлаар ЕАЭЗХ-ны хүрээнд зохицуулалтын үндэстэн дамнасан үр ашигтай тогтолцоо бүрэлдэн тогтсоныг онцоллоо. Уг тогтолцоо нь зөвхөн техникийн болон захиргааны саадыг арилгаад зогсохгүй, бизнесийн орчинд мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдлыг хангаж байна.


Бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний чөлөөт хөдөлгөөнийг хангах бүх нөхцөл бүрдсэн.


Шымкент хотод болсон уулзалтын үеэр дижитал технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих, Евразийн технологийн платформуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, худалдааг хөгжүүлэх, гаалийн хамтын ажиллагааны талаар болон макро эдийн засгийн урьдчилсан таамаглал зэрэг асуудлыг хэлэлцлээ.


-ЕАЭЗХ-ны эдийн засгийн хөгжлийн динамик дүр зураг ямар байна? Гишүүн орнуудын өсөлтийн өнөөгийн чиг хандлага хэр эерэг байна вэ?


-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн Санкт-Петербург хотод болсон хуралдаан дээр онцлон тэмдэглэхдээ, бүрэлдэж буй олон туйлт дэлхийн бие даасан, өөрийн хүчин чадалд тулгуурласан төвүүдийн нэг болж баттай байр суурь эзэлсэн Евразийн эдийн засгийн холбооны хүрээн дэх хамтын ажиллагаа тасралтгүй, шат дараатайгаар хөгжсөөр байгааг дурдсан юм. Харилцан худалдаа, хөрөнгө оруулалтын солилцоо өргөжин тэлж, гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна.


Энэ бүхэн нь гишүүн улс бүрт бодит үр өгөөж авчирч, хүн амын амьдралын чанар болон сайн сайхан байдалд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ нийт Евразийн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна.


Тодорхой үзүүлэлтүүдийн тухайд гэвэл, уг арга хэмжээнд зориулан ЕАЭЗХ-ны өнгөрсөн жилийн үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй статистик тойм гаргасныг манай Элчин сайдын яамны цахим хуудас болон сошиал сувгуудаас үзэх боломжтой. Эх сурвалжид дурдсанаар, гадаад орчны хүндрэл, дэлхийн зах зээлийн тогтворгүй байдалтай холбоотой нөхцөлд ч 2025 оны дүнгээр гишүүн орнуудын нэгдсэн ДНБ 1.7 хувиар өсөж, 3,0 их наяд ам.доллар давсан байна.


Сүүлийн таван жилийн хугацаанд холбооны ДНБ нийтдээ 11 хувь, аж үйлдвэр 15 хувь, хөдөө аж ахуй 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. ЕАЭЗХ-ны улс хоорондын худалдаа эргэлтийн хувь нийт гадаад худалдааны эргэлтийн 20 хувь буюу 95 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Манай улс орнуудын нийт алт-валютын нөөц 26 хувиар өссөн. Инфляцийн түвшин саарсан. Евразийн эдийн засгийн холбооны хэмжээнд үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт эхний хагас жилд нийтдээ 6,0 хувиас дээш өссөн үзүүлэлттэй байна. Мөн ам.доллар болон гадаад дэд бүтцээс хараат бус төлбөрийн тогтолцоо бэхжиж, холбооны дотоод дахь тооцоонд үндэсний валютын эзлэх хувь 93 хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар хамгийн хурдтай өсөж буй салбаруудад аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, жижиглэн худалдаа багтаж байна.


(үргэлжлэл бий)