sonin.mn

ОСЛО, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /Reuters/. Норвег, Украин улсууд батлан хамгаалах салбарын хоёр талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Уг тохиролцооны хүрээнд Норвегийн нутаг дэвсгэрт Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг үйлдвэрлэхээр болсон тухай Норвегийн Засгийн газраас мягмар гарагт мэдэгдсэн байна.


Мэдэгдэлд дурдсанаар, Норвегийн тал Украины дрон үйлдвэрлэлийг дэмжих бол Украины тал мэдээлэл, өгөгдөл, туршлагаасаа хуваалцахаар тохиролцсон байна. Мөн Украины дронуудыг Норвегийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэх ажээ. 



"Оросын түрэмгийллийн эсрэг хийж буй амаргүй тэмцлээсээ хуримтлуулж буй Украины туршлагаас бид суралцах боломжтой. Эдгээр туршлагыг судлах нь бидэнд маш чухал юм" гэж Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Норвег улс нь Скандинав болон Балтын орнуудын нэгэн адил Украиныг тууштай дэмжигчдийн нэг юм.

 

Й.Гар Стёрегийн Засгийн газар парламентад суудалтай бүх намуудын дэмжлэгтэйгээр Украинд урт хугацааны санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ.


Уг төлөвлөгөөнд 2023-2030 онд нийт 28 тэрбум орчим ам.долларын тусламж үзүүлэхээр тусгасан бөгөөд ингэснээр Норвег нэг хүнд ногдох тусламжийн хэмжээгээр Киевт хамгийн их дэмжлэг үзүүлэгч улсуудын нэг болж байна. Үүнээс өмнө В.Зеленский Берлин хотод ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд үүнд Европын хэмжээнд хамгийн томд тооцогдохуйц дрон үйлдвэрлэлийн төсөл багтаж байгааг В.Зеленский мэдэгджээ. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг