sonin.mn

4-р сарын 14-ний үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр Хятадын Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүн танилцуулахдаа, энэ оны эхний улиралд Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 11 их наяд 840 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөнөөр сайн эхлэл тавьсан гэж мэдэгдэв.


Үүнээс: экспорт 6 их наяд 850 тэрбум юаньд хүрч, 11.9 хувийн өсөлттэй гарсан бол, импорт 4 их наяд 990 тэрбум юаньд хүрч, 19.6 хувийн өсөлттэй байна.


Эхний улиралд Хятадын гадаад худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, мөн хугацаанд анх удаа 11 их наяд юанийн босгыг давсан байна. Улирлын өсөлтийн хурд нь сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.




Бүх төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бүхэлдээ өсөлттэй гарсан байна. Үүний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспорт 6 их наяд 780 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар өссөн бөгөөд нийт худалдаанд эзлэх хувь нь 57.3 хувь болж нэмэгджээ.


Мөн “Бүс ба Зам” санаачилгад хамтран ажиллагч орнуудтай хийсэн импорт, экспорт 6 их наяд 60 тэрбум юаньд хүрч, нийт дүнгийн талаас илүү хувийг эзэлснээр зах зээлийн олон талт байдал үргэлжлэн тэлж байна.


Экспортын шинэ өсөлтийн хөдөлгөгч хүч эрчимтэй нэмэгдэж, цахилгаан механик бүтээгдэхүүний экспорт 18.3 хувиар өссөн байна. Үүний дотор цахилгаан автомашин, литийн батарей, салхин эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг ногоон бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц өсөлт үзүүлжээ.


Үүний зэрэгцээ дотоод эрэлт нэмэгдсэнээр импортын өсөлт ч тогтвортой үргэлжилж, цахилгаан механик бүтээгдэхүүний импорт 21.7 хувь, өргөн хэрэглээний барааны импорт 5.4 хувиар тус тус өссөн байна.