Хятадын Үндэсний төмөр замын групп ХХК-иас мэдээлж буйгаар энэ оны эхний улиралд Хятад–Европын ачааны галт тэрэг нийт 5460 удаа аялж, 546 мянган стандарт чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус тус 29 хувь, 22 хувиар өссөн байна.
Одоогийн байдлаар Хятад–Европын ачааны галт тэрэг Хятадын нутаг дэвсгэрт 93 тогтмол чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Европын 26 улсын 235 хотод хүрч байна. Үйлчилгээний хамрах хүрээ нь үндсэндээ Евразийн бүс нутгийг бүхэлд нь хамарч, хил дамнасан логистикийн сүлжээ тасралтгүй өргөжин тэлж байгаа юм.
Төмөр замын байгууллага тээврийн зохион байгуулалт, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг тасралтгүй сайжруулж, гаалийн байгууллагатай хамтран “төмөр замын түргэн нэвтрүүлэх” горимыг уялдуулан хэрэгжүүлснээр боомтын бүрдүүлэлтийн хугацааг хамгийн богинодоо 30 минутаас дотогш болгож бууруулжээ.
Үүний зэрэгцээ Хятад–Европын ачааны галт тэрэгний логистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар тогтвортой дээшилж байна. Бүх маршрутын тогтмол цагийн хуваарьт галт тэрэгний явалтын хугацаа нь энгийн галт тэрэгтэй харьцуулахад 30 гаруй хувиар богиноссон бөгөөд хил дамнасан олон төрлийн хосолмол тээврийн үйлчилгээ улам үр ашигтай, шуурхай болжээ.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хятад–Европын ачааны галт тэрэгний олон улсын логистикийн брэндийн өрсөлдөх чадвар тасралтгүй нэмэгдэж, Хятад–Европын худалдааны харилцаа болон маршрут дагуух бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ эрч хүч нэмж байна.
Ням - 04 сарын 19,
2026
Сэтгэгдэл0