sonin.mn

ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ гурван өдрийн хаврын тахилга эхэлснийг тохиолдуулан Токио дахь шинто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. Тус сүмийг Хятад, Өмнөд Солонгос улсууд милитаризмын бэлгэ тэмдэг гэж үздэг.




Өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-нд үүрэгт ажилдаа орохоосоо өмнө тус сүмд байнга зочилдог байсан Такаичи энэ удаад биеэр очихын оронд өргөл барьц илгээсэн нь өнгөрсөн оны 11 дүгээр сард түүний Тайванийн асуудлаар хийсэн мэдэгдлээс үүдэн Токио, Бээжингийн харилцаа муудаад байгаатай холбоотой бололтой. Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг билээ.




Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш дайны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд тэдний дунд Дэлхийн II дайны дараа олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс байдаг тул хөрш орнуудтайгаа дипломат маргаан үүсгэх гол шалтгаан болдог.




Өнгөрсөн оны 10 дугаар сарын 4-нд Такаичи Либерал Ардчилсан намын даргын сонгуульд ялснаас хэдэн долоо хоногийн дараа буюу 10 дугаар сарын дундуур болсон намрын тахилгын үеэр тус сүмд очихоос түдгэлзсэн байна.




Консерватив үзэлтэй, аюулгүй байдлын асуудалд хатуу байр суурь баримталдаг Такаичи өнгөрсөн 11 дүгээр сарын 7-нд парламентад үг хэлэхдээ "Тайваний онцгой нөхцөл байдал нь Японы оршин тогтнолд аюул учруулж болзошгүй бөгөөд энэ нь АНУ-ыг дэмжих зорилгоор Өөрийгөө хамгаалах хүчнийг ашиглахад хүргэж магадгүй" гэж мэдэгдсэн юм. Үүнээс хойш Бээжингийн зүгээс Токиод үзүүлэх улс төр, эдийн засгийн шахалт нэмэгджээ.




Тэрбээр намын даргаар сонгогдсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ясүкүни сүмд зочлох эсэхээ "тухайн цагт нь" шийднэ гээд, энэ асуудал "хэзээ ч дипломат маргаан болох ёсгүй" гэдгийг дурдаж байжээ. 




Хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд агсан Шинзо Абэ (Такаичигийн улс төрийн зөвлөх байсан) тус сүмд биечлэн очиж байжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг