sonin.mn

4-р сарын 17-нд Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний хөлөг Тайванийн хоолойг 14 цаг орчим хугацаанд гаталсан нь “чөлөөт аялал” бус, харин Хятад–Японы харилцааны улс төрийн суурийг зөрчиж, санаатай өдөөн хатгалга хийсэн үйлдэл гэж үзэв. Үүнийг Японы барууны хүчнүүд Тайванийн асуудалд цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах оролдлогын илрэл хэмээн шүүмжилжээ. Хятадын тал холбогдох журмын дагуу хариу арга хэмжээ авч, Японд эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ үйлдэл нь түүхэн эмзэг өдөртэй давхцаж, зориудаар улс төр, цэргийн дохио өгөх зорилготой байж болзошгүй гэж үзсэн байна. “Чөлөөт аялал” гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд уг хөлөг нь довтлох чадвартай цэргийн техник тул энгийн нэвтрэлт биш, илт цэргийн өдөөн хатгалга гэж дүгнэжээ. Хятадын арми бүх явцыг хянаж, нөхцөл байдлыг удирдах чадвараа харуулсан байна.


Нэг Хятадын зарчим нь хоёр улсын харилцааны үндэс боловч Японы засгийн газар сүүлийн үед Тайванийн асуудалд оролцох байр суурь илэрхийлж, цэргийн байрлалаа өргөжүүлэн, харилцааг дордуулж байна. Үүнийг “шинэ хэлбэрийн милитаризм” дахин сэргэж буй илрэл гэж үзжээ.


Япон батлан хамгаалахын бодлогоо өөрчилж, зэвсэглэлээ нэмэгдүүлэн, довтлох чадвар бүхий систем хөгжүүлж байгаа нь бүс нутгийн зэвсгийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг доройтуулах эрсдэлтэй гэж дурджээ. Мөн түүхийн асуудлаар барууны үзэл суртал нөлөөлж, өнгөрсөн түрэмгийллийг зөөлрүүлэн тайлбарлах оролдлого гарч байгаа нь хөрш орнуудад сөрөг нөлөө үзүүлж байна.


Олон улсын нийгэмлэг, тэр дундаа Японы дотоодод ч ийм бодлогод болгоомжлол нэмэгдэж, эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Орос, БНСУ зэрэг орнууд ч Японы аюулгүй байдлын бодлогын өөрчлөлтийг шүүмжилж байна.


Эцэст нь хэлэхэд, Японы милитаризмын түүхэн сургамжийг сануулж, хэрэв ийм үйлдэл үргэлжилбэл бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулна гэж анхааруулжээ. Хятад улс өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бэлэн бөгөөд Тайванийн асуудалд гаднын оролцоог эсэргүүцэнэ гэдгээ илэрхийлсэн байна." гэжээ.