ДУБАЙ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Олон улсын хоригт буй Оросын тэрбумтан Алексей Мордашовтой холбоотой супер дарвуулт онгоц бямба гарагт Ормузын хоолойг гаталсан болохыг хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээлэл харуулжээ. Уг онгоц АНУ-Ираны мөргөлдөөний голомт болоод буй, одоогоор хаалттай байгаа уг хоолойгоор дамжин өнгөрсөн цөөн хөлөг онгоцнуудын нэг болсон байна.
"MarineTraffic" платформын мэдээллээр, 500 гаруй сая ам.доллароор үнэлэгддэг, 142 метрийн урттай "Nord" дарвуулт онгоц баасан гаргийн 14:00 цагийн орчимд Дубайн усан онгоцны зогсоолоос хөдөлж, бямба гаргийн өглөө хоолойг гатлан, ням гаргийн өглөө Маскат хотод иржээ.
Олон давхар тавцантай тансаг зэрэглэлийн уг дарвуулт онгоц тус чиглэлээр явах зөвшөөрлийг хэрхэн авсан нь одоогоор тодорхойгүй байна. Вашингтон, Техраны хооронд тогтоосон түр эвлэрэл хэврэгхэн байгаа энэ үед энэхүү стратегийн чухал усан замаар өдөрт маш цөөн тооны, голчлон худалдааны хөлөг онгоцууд дамжин өнгөрч байгаа юм. Хариу арга хэмжээ болгон АНУ-ын талаас Ираны боомтуудыг бүслээд байгаа билээ.
Орос, Иран улсууд эртний холбоотнууд бөгөөд 2025 онд тагнуулын болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээ байгуулснаар улам ойртоод байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээний хүн гэгддэг А.Мордашов нь "Nord" хөлгийн эзэмшигчээр албан ёсоор бүртгэлгүй байна. Тэрбээр Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа В.Путинтэй холбоотой гэсэн үндэслэлээр АНУ болон Европын Холбооны хоригт өртсөн Оросын бизнес эрхлэгчдийн нэг юм.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл0