АНУ-ын Харвардын Их сургуулийн “Тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хүрээлэн буй орчиндоо хэрхэн ногоон эрчим хүчийг бий болгож, өдөр тутмын амьдралын хэрэглээ болгох талаарх энгийн зөвлөгөөг гаргажээ. Бидний мэддэг юм шиг атлаа амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэггүй таван асуудлыг тусгасан байдаг аж.
Тодруулбал, байгаа орчиндоо лэд гэрэл хэрэглэх, зуслангийн байшиндаа нарны эрчим хүчний төхөөрөмж суурилуулах, аяга таваг угаагчаа эрчим хүч бага зарцуулдаг хэмд тохируулах, дижитал төхөөрөмжөө цэнэг хэмнэх тохиргоонд суурилуулах, орон сууцныхаа дулаалгыг сайтар хийх гэж зөвлөжээ.
Иргэн та эдгээрийг өдөр тутамдаа хэрэгжүүлж хэвшсэн бол ногоон эрчим хүчний хэрэглээ буюу дэлхий дахины тууштай тэмцэж буй нүүрсхүчлийн хийн ялгарлын эсрэг бодит хувь нэмрээ оруулжээ хэмээн өөрийгөө бага ч болтугай тоож болно гэсэн үг. Тэгвэл Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн туршид ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчний тухай ярьж байна.
Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагыг дагаж ногоон санхүүжилтийг дэмжинэ хэмээж, эрчим хүчний санхүүжилтийн тодорхой хувийг зарцуулдаг ч бодит үр дүнг гаргаж чадаагүй нь бас үнэн.
Манай улсын нийт эрчим хүчний 77 хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэж, 22.3 хувийг импортоор авдаг бол ердөө долоохон хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж буй нь туйлын хангалтгүй тоон үзүүлэлт учраас ногоон шийдлийг дэмжье, энэ салбарт бодит дэмжлэг үзүүлснээр хүнд суртлаас чөлөөлье хэмээн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр алх цохив. Ингэснээр “Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн төлөвлөгөө”-тэй уялдан ногоон эдийн засгийг дэмжих, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хүнд суртал, татварын хүлээснээс чөлөөлөх бодит шийдлийг алх цохин эцэслэлээ. Шийдвэр тогтоол болон албажсанаар алтан нарны илчийг хааж байсан 18 шат дамжлага түүх болж үлдэх нь ээ.
Дэлхий дахин ногоон санхүүжилт 40 дахин өсчээ, харин манайд...
Хүн төрөлхтөн анх үүсч бий болсон цагаасаа л ногоон эрчим хүчийг өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж ирсэн ч аж үйлдвэржилтийн эрин үед нүүрс, газрын тос, байгалийн хийнээс эрчим хүч гарган ашиглаж эхэлсэн түүхтэй. Гэвч өдөр, өдрөөр хоргодож буй эрдэс баялгийн хомсдол, дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалсан газрын тосны хямрал зэрэг олон шалтгаант нөхцөл байдлаас үүдэн сэргээгдэх эрчим хүчээ тултал ашиглах зорилт тавин зүтгэцгээж эхлэв.
Дэлхийн эрчим хүчний 40 хувийг нүүрс бүрдүүлж, 18.2 хувийг л сэргээгдэх эрчим хүч эзэлж буй энэ байдал хэвээр үргэлжилвэл 2030 онд буюу ердөө дөрвөн жилийн дараа хүлэмжийн хийн ялгарал 40 хувьд хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа гарсан байдаг аж.
Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарын дэмжлэг огцом өсөж, хөрөнгө оруулалт нь 40 дахин өссөн бөгөөд 2050 он гэхэд 50 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргахаар төлөвлөснөө дэлхий бидэнд дуулгалаа. Цаашдаа ч жилд 20 хувийн өсөлт гаргана гэж тооцоолсноо ч мөн хуваалцав. Гэтэл Монгол Улс ердөө долоохон хувьтай байна гэдэг хэтэрхий хангалтгүй тоо. Жилдээ 2.2 тэрбум ам.долларын шатахуун импортолж, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих тусгайлсан бодлого байхгүйгээс гацаанд орж, цэнэглэгч төвийн тоо нь хангалтгүй, утаа, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна гэдэг нь бодит дэмжлэг байгаагүй гэдгийн бодит илэрхийлэл билээ.
Монгол Улс эрчим хүчний салбартаа шинэчлэл, өөрчлөлт хийж, өөр эх үүсвэрийн эрэлд гарахгүй л бол өвлийн оргил ачааллын үед “аргална даа” гэсэн ганцхан үгтэй, салбарын сайдыгаа шоглож, кнопоор тоглуулангаа лаа барьж амьдрах өдөр хоногууд ихэснэ үү гэхээс буурахгүй нь бас үнэн.
Импортын эрчим хүчний хамаарал ч тэр хэрээр нэмэгдэж, шатахуун гуйдаг ажил дээрээ нэмээд “тог битгий таслаач” гэж захидал бичих хэмжээнд хүрэхгүй гэсэн баталгаа алга. Үндсэндээ өнөөдрийн хуралдаанаас эцэслэсэн ногоон хөгжлийг трэнд болгох энэхүү шийдвэр салбарын нэг шийдвэр биш эрчим хүчний тусгаар тогтнолоо хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлаа бататгах үндэсний хэмжээний ногоон гарц юм.
Нарны станц барих гэж 10 жил хүлээсээр байх уу
Бид бол байгаль цаг уурын асар том давуу талтай улс. Жилийн 240-өөс доошгүй өдөр нартай байдаг орны хувьд нарны эрчим хүч гэдэг ашиглагдаагүй асар том баялаг. Өөрөөр хэлбэл, Монголын тэнгэрт өдөр бүр манддаг нарыг эдийн засгийн хүч болгож ашиглая гэсэн энгийн уриаг л Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолж байгаа. Гэтэл нарны станц суурилуулах зөвшөөрөл авахын тулд 18 шат дамжлага дамждаг, нэг жил хүлээгддэг хүнд суртлын цалам салбарын хөгжлийг хойш нь татаж иржээ.
Монгол Улсад бүртгэлтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч 29 компани төрийн ойлгомжгүй байдал, хуулийн хийдлээс үүдэн хэрэгжүүлэхээр шийдсэн төслөө компанийхаа босгийг ч давуулж чадахгүй “чөдөрлүүлчихээд” байгаа гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувийн хэвшил, монгол инженерүүдийн байгуулсан “Эрдэнэнар” нарны станц, цэнэг хуримтлуурын хосолсон сүлжээний төсөл гэхэд л бүрэн ашиглалтад орох хүртлээ 10 жил төрийн элдэв шалгалт, дарамтыг тэсэж гарчээ. Энэхүү зовлонгоо Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа Дорноговь аймагт ажиллах үеэр хэлж байсан бөгөөд нарны станц байгуулах төслийг гадна, дотны санхүүжилтээр хийсэн бусад 10 аж ахуйн нэгж ч зөвшөөрөл, шат дамжлаг, хүнд суртлаас үүдэн салбарын хөгжил гацаанд орсон гэдгийг дуу нэгтэйгээр батлан хэлдэг. Тиймдээ ч энэ шийдвэрийг өнөөдөр зарлахдаа Ерөнхий сайд Н.Учрал “Ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо баталгаажуулах цогц шийдлийн нэг юм.
Бид өнгөрсөн хугацаанд Их хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Хүнд суртлыг цэгцэлсний үр дүнд Чингэлтэй дүүрэгт 89 айл нарны панелаар эрчим хүчээ хангаж, илүү гарсныг төвийн сүлжээнд үнээ тохирон ашиглуулах боломж бүрдлээ.
Айлууд нарны панел тавих зээлийг хуучин хэрэглээний зээл гэж үзэж байсан бол одоо ногоон зээл рүү шилжүүлнэ. 4-6 хувийн бага хүүтэй өгнө гэсэн үг. Шугамын алдагдалтай байгаа таван аймагт тавдугаар сарын 20-ны дотор сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Эрчим хүчний яам зарлана. Орхон, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод гэсэн аймгуудад 150 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр, 400 МВт-ын цэнэг хуримтлуурыг энэ ондоо багтаж ашиглалтад оруулна. 20кВт гэсэн босгыг арилгаснаар илүү гарснаа төвийн эрчим хүчинд нийлүүлэх боломжийг бий болгоно” гэлээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэнар” шиг таван нарны станц, баттерей хуримтлуур ирэх оны эхэн үе гэхэд таван аймагт ашиглалтад орж, нар салхинд түшиглэсэн шинэ эдийн засгийн гарц тавигдах эхлэл болох нь ээ.
Цахилгаан машин ба шинэ эдийн засаг
Дэлхий даяар цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй өсөж байгаа. Бидний урд хөрш БНХАУ гэхэд л сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсаж, тэр хэрээрээ ч сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө мөнгө харамгүй хаяж байна. Таван жилд гэхэд л хоёр их наяд юанийг энэ салбарын хөгжилд зарцуулахаар төсөвлөж байлаа.
Тухайлбал, 2017 онд манай улсын бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээнээс 53 дахин илүү хүчин чадалтай нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж байсан бол 85 нүүрсний станцын төслийг ч тухайн онд цуцалж байжээ.
Тэр цагаас цахилгаан машины үйлдвэрлэлд хөрөнгө зарцуулснаар энэ салбарт гэхэд тэргүүлэгч болж чаджээ. Монгол Улс бол сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсдаг. Бидэнд ч бас боломж байна гэсэн үг. Цахилгаан автобус дотоодод үйлдвэрлэж зах зээлд гаргаж байсан төслөө улстөржүүлсээр байгаад зогсоож байсан гашуун түүхтэй, бид. Дэлхий дахины шинэ эдийн засаг гэж нэрлэж буй цахилгаан машины шилжилт манайд эхэлчихсэн байгаа ч гол саад нь цэнэглэх дэд бүтэц болоод байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлээр аймаг, сум, хот хоорондын авто зам дагуу түргэн цэнэглэх сүлжээ бий болчихвол шатахууны зардал буурах, хямд үнэтэй, ойрхон газраас цахилгаан машин орж ирснээр автомашины үнэ буурах, импортын түлшний хамаарлаас гарахаас гадна агаарын бохирдол ч буурах билээ. Тэгвэл энэхүү шийдлийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх гарцыг ч мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар алх цохиж эцэслэв.
Тодруулбал,
-Хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт зарлаж, орон нутагт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтэц байгуулах. Нийслэлд цахилгаан машин цэнэглэх байршлын тоог нэмэх
-Нийтийн тээвэр болон төрийн байгууллагын үйлчилгээнд цахилгаан машин худалдан авч, ашиглах.
-Бүрэн болон туулах зай уртасгагчтай цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулахгүй. “Aqua”, “Prius” шиг хабрид бус “PHEV” эрчим хүчээр цэнэглэдэг хосолсон хөдөлгүүртэй машин ногоон дугаартай болж, нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчино гэсэн шийдвэрүүдийг тус, тус гаргалаа.
Б.Тогтох
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл0