УЙГАРЖИН МОНГОЛ БИЧИГ
Чойжи-Одсэр нь XIII–XIV зууны үед амьдарч байсан, Юань гүрний үеийн нэрт орчуулагч, бичгийн аугаа эрдэмтэн юм. Тэрээр буддын судар орчуулах, мөн монгол бичгийн хэлний хөгжилд их хувь нэмэр оруулсан. Түүнийг уйгар гаралтай байсан байж магадгүй гэж судлаачид үздэг, гэхдээ үүнд баттай нотлогоо байхгүй.
Монгол бичиг анх уйгар бичгээс гаралтай бөгөөд тэр үед бичиг үсгийн соёлыг голлон уйгар гаралтай бичээчид түгээж байжээ. Чойжи-Одсэрийн нэр, бичгийн хэв маяг, орчуулгын уламжлал нь тухайн үеийн уйгар гаралтай бичгийн хүмүүсийн нөлөөтэй төстэй гэж үздэг.
Монголын эзэнт гүрний үед төрийн бичиг хэрэгт уйгарууд ихээр оролцож байсан. Гэвч Чойжи-Одсэрийн овог, угсаа гарвалийн тухай шууд бичмэл эх сурвалж маш хомс. Зарим судлаачид түүнийг уйгар бичгийн уламжлалаар боловсорсон монгол хүн байсан гэж үздэг. “Чойжи-Одсэр” гэдэг нэр нь төвд гаралтай шашны ламын нэр тул үндэс угсааг шууд илтгэдэггүй. Чойжи-Одсэр 1300 он орчимд уйгаржин монгол бичгийн дүрэм зохиосон гэдэг. Тэгвэл түүнээс өмнө монгол уйгаржин бичиг монголчуудын нийтлэг бичиг байгаагүй, зөвхөн тамга, захидал, зарлиг зэрэгт хэрэглэдэг соёл байжээ гэсэн тайлбар цөөнгүй. Шууд тийм дүгнэлт хийх нь хэтэрхий туйлширсан болно. Харин илүү зөв ойлголт нь, уйгаржин монгол бичиг Чойжи-Одсэрээс өмнө аль хэдийн хэрэглээнд орсон байсан, харин тэр үед дүрэм, стандарт нь бүрэн тогтоогүй байсан гэж үздэг. Тиймээс түүнийг “шинэ бичиг зохиогч” гэхээсээ илүү “дүрэмчилж, стандартчилсан хүн” гэж ойлговол илүү зөв.
Чингис хааны үед (1204 оноос хойш) уйгар бичгийг монгол хэлэнд тохируулан хэрэглэж эхэлсэн, Төрийн бичиг хэрэг, зарлиг, захидалд ашиглаж байсан. Энэ нь Чойжи-Одсэрээс даруй 100 гаруй жилийн өмнө бичгийн хэрэглээ аль хэдийн эхэлснийг харуулна.
Чойжи-Одсэрээс өмнө нэг мөр болсон зөв бичгийн дүрэм байгаагүй. Нэг үгийг янз бүрээр бичих тохиолдол элбэг. Нутаг нуга болон бичээч бүрийн хэвшил өөр өөр байжээ. Гэхдээ захидал, зарлиг, гэрээ зэрэг төрийн бичиг хэрэгт хэрэглэж, ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл “нийтлэг бичиг” байсан ч, нийтлэг хэрэглээтэй ч стандартгүй байсан гэж ойлгох нь зөв. Уйгаржин монгол бичиг 13-р зууны эхнээс нийтлэг хэрэглээнд орсон. Гэхдээ дүрэм, зөв бичих стандарт тааруу байсан тул Чойжи-Одсэр тэрийг боловсронгуй болгожээ.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ЗАДАРГАА
Монголын нууц товчооны монгол бичгээр үйлдсэн эх хувь гээгдсэн гэж ярьдаг. Гэвч зарим эрдэмтэд угаасаа тийм бичгэн эх байгаагүй, үе дамжуулан цээжлүүлснийг цээжилсэн нэгэн хэлж анх хятад ханзаар монгол хэлээр буулгасан гэдэг.
“Анхнаасаа бичгээр байгаагүй, зөвхөн аман уламжлалаар дамжаад дараа нь хятад ханзаар тэмдэглэгдсэн” гэсэн хувилбар огт боломжгүй юм биш, гэхдээ ихэнх судлаачид үүнийг гол тайлбар гэж үздэггүй. Монголын нууц товчоо бидэнд жинхэнэ монгол бичгээр эх хувь нь хадгалагдаагүй, харин хятад ханзаар монгол авиагаар галигласан.
Дээр нь хятад орчуулгатай хувилбараар дамжин ирсэн. Энэ нь Юань гүрний үед (XIV зуун орчим) эмхэтгэгдсэн гэж үздэг. “Аман уламжлал байсан” гэсэн таамгийн үндэс огт хоосон биш. Яагаад гэвэл монголчуудын эртний соёлд түүх, угсаа гарвалыг аман хэлбэрээр (тууль, домог, магтаал) хадгалах уламжлал хүчтэй байжээ. Нууц товчоонд давталт ихтэй, ярианы хэв маягтай, баатарлаг тууль шиг бүтэцтэй хэсгүүд нэлээд бий. Иймээс л зарим судлаачид анх эх нь аман зохиол байсан, дараа нь бичигдсэн” гэж үздэг. Гэхдээ “анхнаасаа бичиг байгаагүй” гэх таамагт гол маргаан оршдог.
(1) Бичгийн соёл байсан. Чингис хааны үеэс уйгаржин монгол бичиг хэрэглэж эхэлсэн, төрийн бичиг хэрэг, зарлиг, гэрээ бичгээр явагдаж байсан. Тиймээс ийм том түүхэн бүтээлийг бичгээр байгаагүй гэж үзэхэд эргэлзээтэй.
(2)Нууц товчооны бүтэц нэлээд зохион байгуулалттай бүлэглэсэн нь мэдэгддэг. Он дараалал, үйл явдлын уялдаа сайн. Зүгээр нэг аман дамжлагаас шууд бичсэн гэхэд хэт системтэй.
(3)Энэ бүтээл нь хааны угсааны дотоод хэрэглээний түүх байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл “нууц” шинж чанартай. Ийм юмыг ам дамжуулахад алдагдах эрсдэлтэй, харин бичгээр хадгалах нь илүү логиктой.
Иймээс хамгийн боломжит хувилбар бол дундаж байр суурь гэж судлаачид хэлдэг. Олон эрдэмтэн “дунд хувилбар” буюу Аман уламжлал + бичгийн эмхэтгэл хосолсоныг илүү бодитой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Анхны материал нь домог, тууль, аман түүхүүд байсан. Дараа нь XIII зуунд бичгээр (монгол бичгээр) эмхэтгэгдсэн. Тэр бичмэл нь алдагдаж. Хожим хятад ханзаар галигласан хувилбар л үлдсэн. Нэг үгэндээ “Анхнаасаа бичиг байгаагүй” гэдэг нь бүр боломжгүй биш, гэхдээ гол тайлбар биш. Илүү магадлалтай нь аман уламжлал дээр суурилсан, дараа нь бичгээр эмхэтгэсэн бүтээл. Монголын нууц товчоо бол аман уламжлал ба бичгийн зохиомж хоёрыг хослуулсан маш онцгой эх сурвалж. Тиймээс дотор нь “аман шинжтэй хэсэг” болон “бичгийн боловсруулалттай хэсэг” хоёулаа тод ялгардаг. Аман шинж давамгай хэсгүүд гэдэг нь ам дамжин уламжлагдсан, ярианы хэлбэр илүүтэй хэсгүүд.
Энэ хэсгийг ялгаж харуулбал:
1.Домог, угсаа гарлын өгүүлэмжүүд: Бөртэ Чоно, Гоо Марал зэрэг гарал үүслийн домгууд, Тэмүжиний төрсөн тухай домогчилсон өгүүлэмж. Эдгээр нь үлгэр, домгийн хэв маягтай, давталт ихтэй, энгийн бүтэцтэй.
2.Шууд яриа, тангараг, андгай: Тэмүжин, Жамуха нарын анд бололцох хэсэг, Дайны өмнөх уриа, үг хэллэгүүд, Богино, цохилттой өгүүлбэрүүдтэй, Аман ярианы өнгө аяс тод.
3.Дуу, шүлэг, ерөөл маягийн хэсгүүд: Хөхчирийн үг, Чингис хааны хэлсэн сургаал маягийн мөрүүд, Хэмнэл, давталттай, Цээжлэхэд тохиромжтой хэлбэртэй.
Онцлог шинжүүд: Давталт (“тэр тэгэж хэлэв, ингэж хэлэв” гэх мэт), Энгийн, шууд өгүүлбэр, Сэтгэл хөдлөл шууд илэрхийлэгддэг, Цээжлэхэд амар бүтэц.
Бичгийн зохиомж давамгай хэсгүүд нь илүү боловсруулж бичсэн, түүхчилсэн шинжтэй:
1.Түүхэн үйл явдлын дараалсан өгүүлэмж: Аян дайн, ялалт, ялагдлын нарийвчилсан тайлбар, Олон аймаг, овгийн харилцааг системтэй өгүүлэх, Илүү урт өгүүлбэр, логик холбоо сайтай.
2.Захиргаа, зохион байгуулалтын тухай хэсгүүд: Албат, ноёдын хуваарилалт, Хуулийн шинжтэй шийдвэрүүд, Албан өнгө аястай, Эмх цэгцтэй бичигдсэн.
3.Дүгнэлт, тайлбар маягийн хэсгүүд: Зарим үйл явдлыг тайлбарлаж, утга учрыг өгүүлсэн хэсэг, Зохиогчийн байр суурь илэрхийлэгддэг. Онцлог шинжүүд гэвэл Нарийн бүтэцтэй урт өгүүлбэр, Шалтгаан ба үр дагаврын холбоо тод, Түүхэн баримтжуулалт давамгай, Нэгтгэн дүгнэх өнгө аястай.
Дүгнэж хэлбэл Аман шинжтэй хэсэг болох домог, яриа, шүлэг, андгай. Бичгийн шинжтэй хэсэг нь түүхчилсэн өгүүлэмж, зохион байгуулалт, тайлбар. Өөрөөр хэлбэл, “Нууц товчоо” бол зүгээр нэг бичгийн зохиол биш, харин аман уламжлалыг бичгийн хэлбэрт буулгасан шилжилтийн үеийн бүтээл юм. Нууц товчооны төгсгөлд “Их хуралдаан болж, хулгана жилийн хуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсөв” гэсэн нь юутай ч нийт зохиолын сүүлчийн бүлгүүд хүний гараар бичигдсэний нотлоно.
12 бүлгийн бүтэц дээр тулгуурласан задалбал:
I. Аман шинж давамгай хэсгүүд (домог, магтаал, шүлэг, яриа). 1-р бүлэг Тэмүжиний угсаа, домогт гарал (Бөртэ чоно, Гоо марал), Төрөлх түүхийг домогчилсон хэлбэр [Аман шинж маш хүчтэй]. 2-р бүлэг - Тэмүжиний бага нас, зовлон бэрхшээл, Эхийн сургаал, ах дүүгийн зөрчил [Аман + бичгийн холимог]. 3-р бүлэг - Андууд (Жамуха), андгай тангараг, Найрамдал, урвалтын өгүүлэмж [Аман шинж давамгай]. 4-р бүлэг - Хүчирхэгжих эхлэл, овог аймгийн тэмцэл [Аман → бичгийн шилжилтийн үе]
II. Холимог шинжтэй (аман + бичгийн) 5-р бүлэг - Чингис хаан болох үйл явц, Хуралдай, шийдвэр [Түүхэн баримт (бичгийн) + яриа (аман)]. 6-р бүлэг - Дотоод бодлого, зохион байгуулалт, Хүмүүсийн үг, зөвлөгөө [Холимог]. 7-р бүлэг - Эсэргүүцэл, бослого дарах [Илүү бичгийн шинж рүү шилжинэ]
III. Бичгийн шинж давамгай хэсгүүд (түүхэн баримтат). 8-р бүлэг - Гадаад аян дайн, Улс төрийн шийдвэрүүд [Бичгийн төрөл давамгай] . 9-р бүлэг - Алтан улс, Тангудтай харилцаа [Баримтат түүх]. 10-р бүлэг - Их Монгол улсын өргөтгөл [Цэвэр бичгийн шинж]. 11-р бүлэг - Өгэдэй хааны үе [Түүхэн тэмдэглэл]. 12-р бүлэг - Дүгнэлт, төрийн залгамж [Бичгийн шинж давамгай]
Эхний 30 зүйлд 70% нь угсаа гарвал, 20% нь түүхэн өгүүлэмж, 10% нь шүлэг, яриа. Нийт дүгнэлт гэвэл 31–100: Хувь хүний төлөвшил, тэмцлийн эхлэл, 101–200: Нэгдэл ба төр улсыг байгуулах үйл явц, 201–282: Эзэнт гүрний өргөтгөл ба төрийн тогтолцоо.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ АМАН ДОМОГ
Монголын нууц товчоонд Бөртэ Чоно, Гоо Марал зэрэг гарал үүслийн тухай угсаа гарлын өгүүлэмжүүд ганц Төв Азийн нүүдэлчдийн төдийгүй хүн төрлөхтний энд тэндгүй соёлуудад яригддаг домгуудтай төстэй шинж харагддаг. Жишээ нь тэнгэрээс заяат угсаа, бэлгэдэлт төрөх түүх гэх мэт домгийн шинжтэй эхний хэсэг Библийн Хуучин гэрээтэй зарим талаараа төстэй. Хоёуланд нь тэнгэрийн гаралтай мэт дүрслэл, бэлгэдэлт төрөх түүх мэт угсаа гарлын домогчилсон эхлэл, Бурхны/тэнгэрийн оролцоо хүний хувь заяанд нөлөөлдөг гэх үзэл, угсаа залгамжлал, овог аймгийн үүслийг домгийн хэлбэрээр тайлбарладаг. Гэхдээ энэ төстэй байдал нь заавал шууд нөлөөлөл гэсэн үг биш. Хүн төрөлхтний олон соёлд “тэнгэрлэг гарал”, “онцгой төрөх”, “сонгогдсон удирдагч” зэрэг нийтлэг домгийн загвар байдаг. Энэ нь тус тусдаа үүссэн ч төстэй хэлбэртэй болдог. Түгээмэл домгийн хэв шинж (archetype) юм. Гэхдээ соёл орчны гол ялгаа нь, Монголын нүүдэлчдийн аман уламжлал, тэнгэр шүтлэг (тэнгэризм) дээр суурилсан бол, Библи нь Ойрхи Дорнодын суурин иргэншлийн шашин-философийн хүрээнд бүрэлдсэн. Монголын нууц товчоо бичигдэх үед Хэрэйд, Найман зэрэг pguglbgay шүтлэгтэй аймгууд байсан, тэд юутай ч Хуучин гэрээг мэддэг байсан. Энэ нь нь Нууц товчооны домогжсон бичлэгүүдэд нөлөөлсөн байх магадлал бий, гэхдээ шууд “Хуучин гэрээнээс хуулсан” гэхээс илүү соёл, шашны орчны давхцал, дам нөлөө гэж үзвэл зохино. Монголын нууц товчоонд гардаг Бөртэ чоно, Гоо маралын гарал үүслийн домог, тэнгэрийн гаралтай хаадын ойлголт зэрэг нь тэнгэрээс заяат угсаа, онцгой төрсөн удирдагч гэсэн санааг илэрхийлдэг. Эдгээр нь дэлхийн олон соёлд (Европ, Төв Ази, Ойрхи Дорнод) түгээмэл байдаг архетипууд.
Энэ нь соёл хоорондын нийтлэг “сакрал түүхийн загвар” байж болно. Монголын эзэнт гүрний эхэн үед Христийн (Несториан), Буддын, Бөөгийн үзэл зэрэгцэн оршиж байсан. Ийм орчинд “тэнгэрийн ивээл”, “сонгогдсон хаан” гэсэн ойлголтууд харилцан нөлөөлөх бүрэн боломжтой.
Нууц товчоонд Бөртэ чоно (чоно) + Гоо марал (буга) “Тэнгэрийн заяагаар” ирж, шинэ угсааг эхлүүлдэг, тэднээс монголчуудын дээд угсаа үүснэ. Энэ нь сакрал (ариун) гарал үүсэл + амьтны бэлгэдэлд тулгуурласан. Библид Хүн төрөлхтөн Адам, Евагаас эхэлнэ. Нэг эх сурвалжаас бүх хүн гаралтай, үүнийг Бурхан шууд бүтээсэн. Төстэй тал нь нэг “анхны хос”-оос угсаа эхлэх ба гарал үүсэл нь энгийн биш, бурханлаг/тэнгэрлэг. Ялгаа нь Библид хүмүүсээс хүмүүс, Нууц товчоонд амьтнаас хүний угсаа (тотем шинж). Чингис хааны төрөх домог ба Библийн үйл явдлууд, ялангуяа Есүс Христийн төрөлт хоёрыг харьцуулахад, ердөө “адил төстэй домог” гэж харахаас илүүтэй хүний соёлд “онцгой хүн” төрөхдөө тэнгэрийн дохио илэрдэг гэсэн нийтлэг сэтгэлгээ бий. Монголын нууц товчоонд Тэмүүжин төрөхдөө гартаа цусны бүлэн атгасан байдаг. Энэ нь түүнийг их хувь тавилантай, дайчин хүн болно гэсэн бэлгэдэл. Гол санаа нь Тэнгэр (Мөнх тэнгэр) хүнээ сонгосон, тэр нь ирээдүйд дэлхийг өөрчилнө. Библид, ялангуяа Матай ба Лүк номд Тэнгэрт онцгой од (Бэтлэхэмийн од) гарсан, Тэнгэр элч нар төрөхийг зарласан, Зурхайчид одны дагуу ирсэн, Төрөх нь бурханы төлөвлөгөөний нэг хэсэг гэж тодорхойлогддог. Гол санаа нь Бурхан хүн төрөлхтөнд аврагч илгээсэн, орчлон хүртэл үүнийг нь тэмдэглэжээ.
Тэмүжин бол мөнх тэнгэрийн ивээлтэй, Есүс бол бурханы хүү. Энэ нь хожмын амжилт нь санамсаргүй биш, урьдчилан тогтоогдсон гэсэн тайлбар. Өөрөөр хэлбэл Чингис хааны дэлхийг эзлэх эрх “тэнгэрээс заяагдсан”, Есүсийн хүн төрөлхтнийг аврах эрх “бурханаас өгөгдсөн”.
Чингис хааны төрөх домог ба Есүсийн мэндэлсэн түүх нь өөр өөр соёл, шашинд хамаарах боловч хүний сэтгэлгээний нэг ижил бүтэц дээр суурилдаг. Мари эх нь Есүс Христийг Ариун Сүнс-ийн үйлчлэлээр олсон гэж Библид өгүүлдэг. Алунгоо нь Монголын нууц товчоонд өгүүлснээр шөнө гэрт нь орж ирсэн гэрэл/шидэт хүн-ээс жирэмсэн болсон гэж гардаг. Герег домогт Данаэ-г Зевс алтан бороо болон хувирч үр тогтоосноор Пэрсэй төрсөн гэж өгүүлдэг. Хятад домогт Хоу Жи-ийн эх Жян Юань бурхны мөрөн дээр гишгэснээр жирэмсэн болсон гэж домогт гардаг. Төв Азийн нүүдэлчдийн (түрэг, монгол, тэнгэр шүтлэгт) дунд “ер бусын төрөх” тухай домог ганц тохиолдол биш, харин бараг хэв шинж гэж хэлж болохоор давтагддаг сэдэв юм. Энэ нь хаан, баатар, угсаа гарлыг Тэнгэрийн ивээлтэй гэж баталгаажуулах гол хэрэгсэл байжээ. Эдгээр домог зүгээр үлгэр биш, харин ч маш практик үүрэгтэй. Тэнгэрээс заяасан бол түүнийг эсэргүүцэх нь ёс бус. Олон овог аймгийг нэгтгэхдээ “Бид бүгд нэг тэнгэрийн үр” гэдэг санаа ашиглагдана. Ес суртахууны хувьд хаан зөвхөн эрх мэдэлтэйдээ биш, харин Тэнгэрийн өмнө өөрөө хариуцлага хүлээдэг гэх. Дува сохор гурван нүдтэй тул алсыг харах чадвартай. Дэлхийн олон домогт давтагддаг энэ загвар нь нэмэлт нүд / өөр нүд нь далд ертөнцийг харах чадвар. Сохор байдал нь дотоод үнэн харах чадвар. Нүдний тоо/хэлбэр нь мэдлэг, эрх мэдлийн бэлгэдэл. Шива бурхан духан дээрээ гурав дахь нүдтэй. Аргус 100 нүдтэй. Тирэсиас сохор ч ирээдүйг хардаг зөнч.
Алунгоо хатан таван хүүдээ багц сум өгч хугалуулахад дийлээгүй, харин тус тусад нь амархан хугалж байгаа домог нь “эв нэгдэлтэй байвал хүчтэй, салбал сул” гэдгийг сургадаг. Эртний Герегт Эзопын үлгэрт эцэг нь хоорондоо муудалцдаг хөвгүүддээ багц саваа өгч хугалуулах гэтэл тэд чаддаггүй. Гол санаа нь “Нэгдэлд хүч оршино.”
Энэ үлгэр дэлхий даяар хамгийн алдартай хувилбар бөгөөд Европ, Ойрх Дорнод, Төв Азид тархсан. Булгарын хан Кубрат нас барахынхаа өмнө хөвгүүддээ багц саваа өгч эв нэгдлийн сургамж айлдсан гэдэг хувилбар байдаг. Европ даяарх хувилбарууд гэвэл Голланд, Франц, Англид “тариачин ба хөвгүүд” гэсэн хувилбарууд, Орос, Зүүн Европт улс төрийн бэлгэдэл болон ашиглагдсан. Ромд бүр fasces (багц саваа) гэдэг төрийн бэлгэдэл ч бий болсон. Эндээс хожмын АНУ-ын үндэсний бэлэгдэл сүлдний бүргэд багц сум атгажээ. Энэ бүхэн “Нэгдсэн үед эвдэршгүй, салангид үед амархан ялагдана” гэсэн ижил санаа. Өөрөөр хэлбэл монголчуудынх онцгой биш гэж хэлэхээс илүүтэй, дэлхийн нийтлэг ухааралтай ижил санааг өөрийн хэлбэрээр илэрхийлжээ гэж үзвэл зохино.
Баабар
Даваа - 05 сарын 04,
2026