ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 11 /Xinhua/. АНУ нурангид дарагдсан Ираны баяжуулсан ураныг хянаж байгаа бөгөөд энэ асуудлыг Сансрын хүчин хариуцаж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Хэрэв хэн нэгэн уранд ойртохыг оролдвол АНУ шууд "устгана" гэж Д.Трамп чөлөөт сэтгүүлч Шерил Аткиссонд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт бичүүлсэн уг ярилцлага ням гарагт олон нийтэд хүрсэн байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг "цэргийн хувьд ялагдсан" гэж мэдэгдээд, АНУ-ын Зэвсэгт хүчин бүх байг онож устгахад ердөө хоёр долоо хоног л шаардлагатай гэжээ. "Бид дахин хоёр долоо хоногийн турш цохилт өгөхөд л бүх байгууламжийг устгаж чадна. Бид төлөвлөсөн байгууламжуудынхаа 70 орчим хувьд цохилт өгөөд байгаа бөгөөд цаана нь өөр байгууламжууд бий" гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ дайныг зогсоох талаар АНУ-аас ирүүлсэн саналын хариуг Ираны тал ням гарагт зуучлагч Пакистан улсад илгээсэн тухай тус улсын ИРНА агентлаг мэдээлжээ. Уг төлөвлөгөөний дагуу хэлэлцээний энэ шатанд бүс нутгийн дайныг зогсооход гол анхаарлаа хандуулах аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны тал цөмийн зэвсэг эзэмших эрмэлзэлгүй байгаа гэдгээ "тодорхой болгох" шаардлагатай гэж мэдэгджээ. АНУ-ын тал үүнийг энхийн гэрээ байгуулах гол нөхцөл гэж үзэж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл0